Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллахдаа хамгийн түрүүнд Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлд 128 км зам тавихаар ажиллаж байгаа “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-ийн ажлын явц байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын багийг ирүүлж ажиллуулахаар болсон юм. Тус ажлын баг нөхцөл байдлыг нарийвчлан дүгнэж эргэн тайлагнах ажээ.
Үүний дараа Шадар сайд аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, Засгийн газар, УОК-ын бодлого шийдвэрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаатай танилцсан. Тэрээр цар тахлын энэ цаг үед аймгийн Онцгой комисс, ЭМГ, Боловсролын газар, ХХААГ, Мал эмнэлгийн газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги зэрэг голлох салбарын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа мэдээллийг сонслоо.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил:“Сэ лэнгэ аймгийн хувьд цар тахлын халдвараар нийт 6992 иргэн өвчилснөөс 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр оношлогдсон. Вакцинжуулалтын хувьд 85 хувь 1 дүгээр тунд, 80.2 хувь 2 дугаар тунд хамрагдсан хэмээн танилцуулсан. Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд 35 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын 96 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан бол 12-17 насны 80 орчим хүүхэд 2 тунд бүрэн хамрагдсан байгаа. Энэхүү мэдээллийнхээ дараа аймгийн ОК-ын дарга Ш.Оргил дараах саналыг уламжиллаа.
-Коронавирусний цар тахалтай тэмцэж байгаа энэ нөхцөлд эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгцээ шаардлагатай хэдэн зүйл байна. Бид халдварын тохиолдлын улмаас олон газарт ковидын тасаг нээн ажиллуулж байгаа. Энэ бүхэнд зөөврийн рентген аппарат дутагдалтай байна. Манай Мандал сум хүн ам ихтэй, улсын хамгийн том сум. Халдварын тархалт ч буурахгүй байгаа. Иймээс Мандал суманд молекул биологийн шинэ лаборатори нээж ажиллуулах хүсэлтэй байна.
-УОК-т аймгийн Онцгой комиссоос тавих санал байгаа. Сэлэнгэ бол хойд хилийн аймаг. Хил дагаж ажил амьдралаа авч яваа олон арван хүмүүс ковидын улмаас бүх зүйл нь таг зогссон. Тиймээс эхний ээлжинд том машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдээ хилээр оруулж гаргах бололцоо нөхцөлийг нь хангамаар байна” гэв.
Мөн энэ үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил ургац сайтай байгаа. Цаг агаарын таатай нөхцөл бүрдэх юм бол өнгөрсөн жилээс 2.5 цн-ээр их ургац авах төлөвтэй байгаа хэмээн мэдээлэв.
Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үeд аль болох хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа. Ялангуяа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, импорт, экспортын ачаа бараа, бүтээгдэхүүний идэвхтэй бүс болох хилийн томоохон боомттой Сэлэнгэ аймгийн тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох дэмжих учиртай. Үүний тулд Халдварын голомтыг хумих ажлыг эрчимжүүлж, шат шатны ажлын уялдаа холбоог сайжруулах нь чухал.
Ковидын халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд сайн дураар хамруулах ажлыг эрчимжүүлж, иргэдийг мэдээ мэдээллээр сайтар хангах хэрэгтэй хэмээсэн. Тэрээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа зөөврийн рентген аппарат, PCR төхөөрөмж шийдвэрлэж өгнө гэдгээ амалсан. Мөн Шадар сайд аймаг орон нутгийн хэмжээнд төр засгийн шийдвэрийг хөрсөндөө буулган уян хатан байдлаар хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэрээр цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа учраас улс орон, хүн ардынхаа эдийн засгийг сэргээх үүднээс Засгийн газар зөөлөн бодлого барьж ажиллаж байгаа. Аль болох хааж боохгүйг хичээж байна. Хүнд нөхцөлд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн. Багш сурагчдаас эхлээд өвдөж эрсдэл үүсч байгаа ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахгүй. Бид хүүхдүүдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилган, өөрсдийнхөө эдийн засгийг босгож, бүх нийтээрээ хариуцлагатай байж хамтын хүчээр энэ бүхний ард гарна. Цар тахалтай түрүүлж нүүр тулсан, даван гарч хамтдаа хичээн зүтгэж байгаа Сэлэнгийнхэндээ амжилт хүсье.
Сэлэнгэ бол газар тариалангийн манай гол бааз суурь болсон аймаг. Энэ жил арвин ургац авч үүргээ сайн биелүүлээрэй. Бүгдээрээ хариуцлагатай байж цар тахлыг даван туулаарай” хэмээн захилаа. Мөн Шадар сайд энэ өдөр аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцсан. Үүний дараа Шадар сайд Алтанбулаг боомтод ажиллав.