Ширэнгэн ойд 40 гаруй жил амьдарсан Вьетнамын “тарзан” Хо Ванг Ланг соёл иргэншилт ертөнцөд ирснээс хойш 8 жилийн дараа хорт хавдраар өөд боллоо. Орчин цагийн хүнсний бүтээгдэхүүн, архинаас болоод тэрбээр элэгний хорт хавдартай болсон аж. 52 настай вьетнам эрийг нас барсныг Daily Mail агентлаг мэдээлжээ.
Хо Ван Ланг даваа гарагт өөд болсон байна. Тэрээр 41 жилийн турш ширэнгэн ойд эцэгтэйгээ аж төрсөн гэнэ. Эцэг нь Вьетнамын дайны дараа Америкийн бөмбөгдөлтөд гэр бүлийнх нь тал нь өртөж амь үрэгдсэний дараа зэрлэг байгальд ирж нуугджээ.
2015 онд энэ гэр бүлтэй танилцаж, Лангийн найз болсон гэрэл зурагчин Альваро Сересо орчин цагийн амьдрал, боловсруулсан бүтээгдэхүүн, заримдаа архи хэрэглэдэг байсан нь үхэлд хүргэлээ гэж үзсэн байна. “Түүнийг нас барсан гэдгийг дуулаад маш их гашуудаж байна. Гэхдээ миний хувьд тэр нас барсан нь ч сайн зүйл боллоо. Сүүлийн хэдэн сар тэр маш ихээр шаналж байсан юм. Тэр бол сайн хүн байсан, түүнийг мартахын аргагүй. Би түүнийг өдөр бүр санах болно” хэмээн Серезо гуниглан дурсчээ.
Вьетнам “Тарзан”-ы түүх
Хо Ван Лангийн эцэг үхлээс аврагдаж, хоёр хүүхдээ аваад ойн гүн нуугдсанаар багадаа ширэнгэн ойд амьдрах болжээ. Эндээ тэд эгэл болхи байшин босгож, гараараа элдэв төрлийн багаж зэвсэг бүтээж, дайн дуусахыг хүлээжээ. Лангийн том ах Хо Ван Три ширэнгэн ойгоос эрт явж, Ланг хүү эцэгтэйгээ зэрлэг нөхцөлд үлджээ. 41 жилийн хугацаанд эцэг хүү хоёр амьдрах байраа 5 удаа өөчилж, уулын хормойд, голын ойролцоо аж төрж байв. Тэд зөгийн бал, жимсээр хооллож, загас барьж, харх, могой, сармагчин, мэлхий, сарьсан багваахай, шувуу агнаж аж төрдөг байлаа.
“Лангад барьсан амьтдаас нь хэрэггүй амьтан гэж байдаггүй байлаа. Би түүнтэй ширэнгэн ойгоор явахад тэр сарьсан багваахайг яг л чидун жимс шиг идэж байсан” хэмээн Сересо ярьжээ.
Ланг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан орчинд өссөн учир хүмүүсээс зугтдаг, эмэгтэй хүн байдаг гэсэн ойлголтгүй, хиймэл гэрэл огт харж байгаагүй, нар, галаас өөр эрчим хүчний бусад эх үүсвэрийг ч мэддэггүй байв. Эцэг нь хүүгээ гадаад ертөнцтэй холбогдуулахгүйн тулд аль болох бага зүйл ярьж өгдөг байв. Танг, Ланг хоёр нутгийн аялгаар ярьдаг бөгөөд үгийн баялаг багатай, юм ярих ч шаардлага байсангүй.
“Хэрвээ би дүүгээ хэн нэгнийг зод гэвэл тэр маш харгис хэрцгийгээр зодчихно. Тэр юу сайн, мууг ч мэдэхгүй. Ланг бол юу ч мэдэхгүй, хүүхэд л гэсэн үг” хэмээн ах Хо Ван Три нь дурсчээ.
Ширэнгэн ойд 40 жил амьдрахдаа Ланг болон эцэг нь нэг ч удаа өвдөж байсангүй. Жилдаа ганц нэг удаа хөнгөн ханиад хүрч, үе үе гэдэс нь л эвгүйрхэнэ. Харин тосгонд нүүж ирээд дархлаа нь энгийн хүмүүсийн тоодоггүй вирус, бактерийг даалгүй, байн байн өвдөх болжээ. Лангийн эцэг 2017 онд нас барсан бол Хо Ван Ланг хэдэн жилийн дараа элэгний хорт хавдартай болсон нь батлагджээ.
Эх сурвалж: FOCUS