Нүүдлийн соёл иргэншлийг тээгч олон ард түмэн бий. Тэр дундаас Монгол Улс өөрийн өвөрмөц байдлаараа ялгаатай, нүүдлийн соёлыг бодлогоор дэмждэг.
Нүүдлийн соёлд тулгарч буй асуудлыг зөв тодорхойлох шаардлага өнөө цаг үед улам их нэмэгдэж байна. Эдгээр асуудлыг судалж, гарц гаргалгааг эрэлхийлэх, олон улсын түвшинд шийдвэр гаргагчдад хүргэхээр Монгол улсад төвтэй ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад төвтэй Nomadic Peoples эрдэм шинжилгээний сэтгүүл, Антропологи, угсаатны зүйн (ethnography) Дэлхийн Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг өнөөдөр байгуулжээ.
Тус санамж бичигт ИБНВУ-ын Оксфордын их сургуулийн профессор Др. Ариел Ахөрн, Монголын талаас тус хүрээлэнгийн захирал Др. И.Бямбабаатар нар талуудыг төлөөлж гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн хүрээнд талууд мэдээлэл солилцох, судлаачдыг дэмжих, нүүдлийн соёлын талаар олон улсын судалгаа, уулзалт хэлэлцүүлэг явуулахаар тохирчээ.
Энэ нь Монгол улсын “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Засгийн газраас нүүдлийн соёлыг хөхиүлэн дэмжих зорилт, ЮНЕСКО-ийн соёлын илэрхийллийг дэмжих, нүүдлийн соёл бүхий улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулах стратегитай уялдаж байгаа аж.
Цаашид судалгаа шинжилгээний ажлаас гадна нүүдлийн соёл, нүүдэлчдийн эрх ашгийг хамгаалах талаар гишүүн улс орнуудад бодлогын зөвлөмж боловсруулж өгөхөөр хоёр тал зорьжээ. Тус Хүрээлэнг Казахстан, Кыргызстан, Монгол, Турк улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1998 онд байгуулж, Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байрлуулсан байна.
Эх сурвалж: Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн