Мэргэжилтнүүдийн өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн томоохон шалгалтаар Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвхт ус цэвэрлэх системийн бараг бүх шүүлтүүр эвдэрсэн нь тогтоогджээ. Цацраг идэвхт ус алдагдагдахаас хамгаалдаг 25 шүүлтүүрийн 24 нь гэмтсэн бөгөөд системээс цацраг идэвх бодистой ус алдагдсан тохиолдол бүртгээгүй ч, ус алдагдаагүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй байна гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.
Атомын станцыг “Токио электрик пауэр”-ын оператор компани хянадаг юм байна. Хоёр жилийн өмнө тус компани системийн шүүлтүүрт гарсан гэмтэлийг тогтоож сольсон ч гэмтэл юунаас үүссэн болохыг тогтоож чадаагүй аж.
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцад энэ удаа Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчдийн баг шалгалт явуулсан бөгөөд энэ атомын цахилгаан станцаас гарсан усыг агуулах хүчин чадал Япон улсын хувьд дуусч, далай руу усаа цутгах төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтыг хийжээ.
Японы Засгийн газар өнгөрөгч 04 дүгээр сарын 13-нд “Фүкүшима-1” атомын цахилгаан станцаас гарсан усыг далай руу асгахаар шийдвэрлэсэн. Осол болсон энэ станцаас гарсан усыг цацраг идэвхт бодисоос нь бүрэн цэвэрлэсэн гэж байгаа ч ус төрөгчийн цацраг идэвхт изотоп болох тритий агуулагдсан хэвээр байгаа.
Өдгөө атомын цахилгаан станцын нутаг дэвсгэр дээр 1.2 сая гаруй тонн цэвэршүүлсэн ус хуримтлагдсан бөгөөд үүнийг 2023 оноос эхлэн 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далай руу асгахаар тооцож байгааг Орос, Хятад, Өмнөд Солонгос, Умард Солонгос зэрэг улс орнууд эсэргүүцэж байгаа юм.