Улаанбаатарын ШТС-уудад АИ-92 шатахуун борлуулах нь ховордож, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн иргэд шатахууны асуудлыг хөндөж байв. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны талаар мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: АИ-92 автобензинийг зарим газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Энэ нь нийлүүлэгч талтай шууд холбоотой гэдгийг хэлж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нөөц 28 хоногтой байгаа бөгөөд,
- АИ-92 шатахуун 21 хоног,
- дизель түлш 35 хоног,
- АИ-80 шатахуун 35 хоногийн нөөц бий гэж тус газраас мэдэгдлээ.
Шатахууны хомсдол улсын хэмжээнд огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул АМГТГ бусад аж ахуйн нэгжээс шатахууныг сэлгэх зөөх гэх мэт зохицуулалтыг хийж байгаа аж.
АМГТГ 2021 оны долдугаар сард нийт 600 төгрөгөөр өссөн шатахууны үнэ дахин нэмэгдэхгүй, Засгийн газраас АИ-92 шатахууны улсын нөөцийг 30 мянган тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоол гаргасан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэж мэдэгдлээ.
Мөн Шатахууны нөөц нэмэгдсэн тохиолдолд аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр буулгах шаардлага тавьж байгаа бөгөөд тэд ч үнийг 100 төгрөгөөр буулгах боломжтой гэсэн хариу өгсөн талаар мэдээлэв. Манай улс урд хөршөөс 11.500 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалсан нь замдаа ирж байгаа. Замын-Үүдэд эхний 32 вагон газрын тосны бүтээгдэхүүн ирсэн байгаа гэнэ.