Яагаад үй түмэн хувь хүний хөгжлийн ном уншсан хэр нь урт хугацаанд үр өгөөж нь бага, номд дурдагдсан арга барил амьдралд тэр бүр тогтвортой орон зай эзэлж чадахгүй байна вэ гэх асуулттай та нэг ч гэсэн удаа тулгарч л байсан биз.
Хариулт нь энгийн. Бид амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг ухаж ойлгох гэж тэр бүр хичээдэггүй. Хэрхэн амар хялбар аргаар, богино хугацаанд амжилт аз жаргалыг бий болгох вэ гэдэгт бүхий л анхаарлаа хандуулах нь бий. Ийм нэгэн хөнгөн хуумгай тойрог дундаа эргэлдсээр буй тул тэр олон ном тэрхэн зуур асар өндөр сэтгэгдэл төрүүлээд л тун удалгүй оюун санаанаас арчигдчихдаг.
Тэгвэл амьдарч буй нийгэм, цаг үеийнхээ мөн чанарыг гүн гүнзгий ойлгож, өөрийн оршин буй цаг хугацааныхаа утга учрыг итгэл дүүрэн “сийлэх”, сэтгэлзүйн дархлаа тогтооход тань туслах дараах гурван номыг санал болгож байна.
ХАН БЁН ЧОЛ – “ТАМИРДСАН НИЙГЭМ”
Уншигч түмний сэтгэлгээнд шинэ үеийн салхи оруулах, шинэлэг ном зохиол орчуулж гаргадгаараа бидэнд хэдийн танил дотно болсон “Тагтаа Паблишинг”-ийн сүүлд гаргасан бүтээлүүдийн нэг. Нэн орчин үеийн философич Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” хэмээх уг бүтээлд амжилтын төлөөх ширүүн өрсөлдөөнт энэ нийгэмд сэтгэл гутрал болон сэтгэлзүйн бусад эмгэг чухам яагаад өмнөх үеэс илүү түгээмэл болсон, үүний цаад шалтгаан юу болох, дүрэм журам бүхий өмнөх үеийнхнээс өнөө үе юугаараа ялгаатай зэргийг өгүүлжээ.
Хан Бён Чол энэ үеийн нийгмийг амжилтын нийгэм гэж тодорхойлсон бол бидний өмнөх нийгэм дэг журам бүхий, эмх замбараатай үе байсан гэжээ. Дэг журамт нийгэмд хүмүүсийн юу хийх ёстой, юу хийх ёсгүйг тодорхойлчихсон, иймдээ ч нэг буруу үйлдэл гаргахад л шорон, сэтгэцийн эмнэлэг зэрэг бидэнд туслах, бидний зовлонг хөнгөвчлөх институцүүд бэлэн байдгаараа онцлог.
Харин амжилтын нийгэм хүнд эрх чөлөөг нь бүрэн өгсөн мэт харагддаг ч үнэндээ амжилтад хүрэх дарамтаар өөрийгөө хүлж, өөрөө өөртэйгөө өрсөлдөх төгсгөлгүй, ялагчгүй өрсөлдөөн рүү түлхэн оруулдаг гэж тэр үзжээ. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн нийгэмд хүн хэн нэгэнд мөлжүүлдэг байсан бол өнөөдөр өөрөө өөртөө мөлжүүлж, тамир тэнхээгээ туйлдаа хүртэл баран, эцэст нь энэ үйл явц сэтгэлзүйн өвчлөлөөр илрэх болжээ хэмээсэн нь нэгийг бодогдуулна.
Сэтгэл гутрал нь дотооддоо өрнүүлсэн дажны шарх, хэт их эергээс болон тарчилж буй нийгмийн өвчин юм. Хүний мөн чанар өөрөө өөртөө дайн зарласан нь энэ. “Тамирдсан нийгэм” номын хэсгээс
БРЕНЕ БРАУН – “DARE TO LEAD”
“Уг ном нь хүн бүр хүчирхэг, өөртөө итгэлтэй, юу хийж байгаагаа мэддэг нэгэн шиг харагдахыг хүсдэг ертөнцөд эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зориг зүрхтэй байх тухай юм.” хэмээн Брене Браун номоо тодорхойлжээ. Хүний эмзэг дорой байдлыг судлахад амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулсан эмэгтэй гэвэл та итгэх үү?
Эмзэг байдлаа хүлээн зөвшөөрч түүнийгээ бусадтай илэн далангүй хуваалцах сэтгэлзүйн дархлаатай болсноор бидний өдөр тутмын ажил амьдралд ямар том өөрчлөлт бий болох талаарх гайхалтай түүхийг өгүүлэгч Брене Брауны ээлжит нэгэн бүтээл “Daring Greatly” ном монгол хэлнээ саяхан орчуулагдаж, уншигч түмний гарт хүрсэн.
Уг бүтээлд Брене Браун ичгүүр, эмзэг байдлын талаар, тэр нь сэтгэл хангалуун амьдрах, цаашдын карьер, хувийн амьдралдаа шийдэмгий алхах зоригийг бий болгоход тусалдаг талаарх 12 жилийн судалгааны ажлын үр дүнгээ багтаажээ.
Харилцаа, хайр, хаа нэгтээ харьяалагдаж буйгаа мэдрэх нь зайлшгүй хэрэгцээ юм. Тиймдээ ч энэ хэрэгцээг тогтвортой хангахын тулд бид бусдаас эмзэг байдлаа нууж, гологдох вий гэх айдсаар эргээд өөрийгөө хязгаарлаж, ичгүүрийн тогтолцоог бий болгодог байна. Харин судлаач Брене Браун “Dare to Lead” номдоо бидний эмзэг байдлаа нуухын тулд хийдэг түгээмэл үйлдэл, бидэнд хаалт тавьж буй тэдгээр айдсыг арилгаж, бусадтай чин сэтгэлээсээ, харилцаа холбоотой амьдрахад туслах бодит арга барилыг дурдсан байна.
Эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зоригтой байна гэдэг нь ялах, ялагдах тухай биш харин таамаглахын аргагүй, шийдвэрлэх боломжгүй нөхцөлд тэсэж үлдэх зоригийг хэлнэ. “Dare to Lead” номын хэсгээс
ВИКТОР ФРАНКЛ – “ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД”
“Гашуун зовлонг гэтлэхэд туслах, шилмэл бүтээл” хэмээн мэргэжилтнүүдэд үнэлэгдсэн “Хүмүүний утга учрын эрэлд” бол энэ цаг үед бидний заавал уншваас зохилтой ном юм. 1946 онд туурвисан уг бүтээлдээ Виктор Франкл Дэлхийн II дайны жилүүдэд хорих лагерьт хоригдсон тухайгаа, тэр үеийн гашуун дурсамж, туршлагаа хүүрнэн бичжээ. Цөхөрсөн цаг үед ч гэсэн тэрээр хэрхэн амьдрах утга учраа олж, түүнийгээ хадгалж чадсан нь энэ номын гол өгүүлэмж юм.
Аймшигт, харгис хорих газарт тэсэж тэвчишгүй урт удаан хугацаанд шаналж байхдаа өөрийн нөхцөлөө эргэцүүлжээ. Гэр бүлийнхэн нь цөм хорих лагерийн шатаах зууханд тарчилж өөд болсон. Зугтаж чадсан ганц эгчийг нь эс тооцвол тэр цор ганцаар үлдсэн байлаа. Хайртай бүхэн нь үгүй болж, эрхэмлэж явсан бүхэн нь утга учраа алдаж, аймшигт харгислалын дор өлсөж цангаж явахдаа яаж амьдралын утга учраа алдалгүй авч үлдэж чадав аа? Хариултыг нь уг бүтээлийн хуудсыг сөхөх танд үлдээе.
Найдваргүй нөхцөлтэй нүүр тулсан ч, өөрчлөгдөхгүй тавиланд унасан ч амьдрал утга учиртай байж болно гэдгийг бид мартах ёсгүй. Юу чухал вэ гэвэл зовлонг ялалт болгон хувиргах, бэрхшээлээ ололт болгож чадах өөрийн тань цор ганц оршихуй хэр хүчтэй байдгийг таньж болно. Нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй цөхрөх үедээ эдгэрэшгүй өвчнийг төсөөлөөд үз, жишээ нь эдгээх боломжгүй хавдрын талаар. Бид өөрсдийгөө өөрчлөхийн төлөө зүтгэж болно. “Хүмүүний утга учрын эрэлд” номын хэсгээс
Эх сурвалж Б.Пүрэвмаа, POSTED