1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Хүүхэд залуучуудын цэрэг-эх оронч хүмүүжлийн “Юнармия” хөдөлгөөний Буриад улс дахь салбарын санаачилгаар Дайнд оролцогчдын Монголын хороо, Ахмад дайчдын “Улаан одхон” сонины редакц хамтран зохион байгуулсан “Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын ач холбогдол XXI зуунд” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын Эрдэм шинжилгээний цахим бага хурал боллоо.
Хурлыг нээж ОХУ-ын Буриад улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд В.А.Поздняков хэлсэн үгэндээ, Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад 76 жил өнгөрсөн ч хор уршиг нь өдгөө ч арилаагүй байна. Зөвхөн Буриадаас гэхэд 12000 орчим залуус дайнд мордсоноос Халхын голын дайнд 2000 цэрэг эрс амь үрэгдсэн тоо баримт байдаг. Тэднээс олон арван дайчин хэрхэн амь үрэгдсэн, хаана нутаглуулсан талаар төрөл төрөгсөд нь олж мэдэж чадахгүй байгаа. Сүүлийн жилүүдэд Эрэн хайх отрядынхон 201 дайчны амь үрэгдсэн газрыг тодруулж хүндэтгэл үзүүлсэн талаар дурдав.
Дайнд оролцогчдын Монголын хорооны тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Лүндэн бага хурлын ажиллагаанд амжилт хүсээд, тус байгууллага 1970-аад онд байгуулагдсанаас хойш 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайн, 1943-1948 онуудад Баруун хилийн тулгаралт байлдаанд оролцсон ахмад дайчдын гавьяаг мөнхжүүлэх, тэдний үлгэр дууриалаар залуу үеийг хүмүүжүүлэхэд ажлаа чиглүүлж ирснийг тэмдэглэсэн юм.
Бага хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташегийн туслах Наранмандал “Өнөөдөр бол дэлхийн хүн төрөлхтөн үүрд дурсах учиртай өдөр юм. 76 жилийн өмнө дэлхий дахины бүх хүмүүсийн хамтын хүчин чармайлтын үр дүнд Японы милитаризм бууж өгсөнөө зарласан. Азийн байлдааны талбарт аугаа ялалт байгуулсан нь фашизмын эсрэг дайны бүх ялалтын чухал нэгэн хэсэг юм” гэж онцлон дурдлаа.
Бага хурлын үндсэн илтгэлийг “Байгалийн чанад дахь цэргийн фронт Манжуурын давшилтын ажиллагаанд” сэдвээр Буриадын “Созвездие” төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Д.Л.Доржиев тавьсан юм. Тэрээр Зөвлөлт, Монголын цэргийн 25 өдрийн эрчимтэй давшилтын үр дүнд Зүүн хойд Азид дарангуйллаа тогтоогоод байсан Квантуны армийн бэхлэлтийг эзлэн авч Япон улс дайнд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурахад томоохон түлхэц үзүүлсэн гэв.
Монгол Улсын талаас бага хурлын үндсэн илтгэлийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн секторын дарга доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу тавьж хэлэлцүүлсэн. Тэрээр “1945 оны Чөлөөлөх дайнд БНМАУ-ын оролцоо” илтгэлдээ Японы цэргийн эсрэг Манжуурын давшилтын ажиллагааг Монгол улсын нутаг дэвсгэрээс эхлүүлсэн нь цэрэг стратегийн таатай нөхцлийн нэг болсон бөгөөд үүгээрээ манай улс Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад хувь нэмрээ оруулсан” гэсэн санааг дэвшүүлэв.
“Дэлхийн хоёрдугаар дайны сургамж” илтгэлдээ Буриадын Их Сургуулийн багш, түүхийн ухааны доктор, бэлтгэл дэд хурандаа Д.Д.Намнанов “Орчин үед өнгөрсөн түүхийг засварлах, тэр тусмаа асар их үнээр олдсон дайны ялалтын үнэ цэнийг бууруулах гэсэн увайгүй үйлдэл гарах болсон”-ыг онцлоод амь үрэгдсэн сүүлчийн дайчны нэр алдрыг нэхэн тодруулж, дурсгалыг нь мөнхжүүлснээр аливаа дайн байлдааныг дууссанд тооцох учиртайг санууллаа.
Түүхийн ухааны доктор, дэд профессор, бэлтгэл дэд хурандаа Лха.Баяр “Монгол Ардын Хувьсгалт Цэрэг Манжуурын ерөнхий давшилтад” илтгэлдээ “Чөлөөлөх дайнд 21300 гаруй бие бүрэлдэхүүнтэй оролцсон Монгол Ардын цэрэг байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд олон зуун километрын марш үйлдэж, Зөвлөлтийн цэргийн ангиудтай харилцан ажиллагаатайгаар давшилтын ажиллагааг зохион байгуулсан нь монгол цэргийн тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэх чадавхийн томоохон сорилт болсон” гэж тэмдэглэв.
Бага хурлын хэлэлцүүлэгт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төвийн дарга доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан урилгаар оролцож, Монгол Улс ЗХУ-ын Улаан армийн Фашизмын эсрэг дайнд эд материалын тусламж үзүүлж, Милитарист Японы эсрэг дайнд өөрийн цэрэг армийг оролцуулснаар Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад зохих хувь нэмрээ оруулсныг жишээ тоо баримт дурдан илтгэв.
Энэ үеэр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Төмөрийн Бат-Очирын тухай “Би Малиновскийн фронтын дайчин” бэсрэг баримт кино үзүүлснээр дарийн утаа үнэрлэсэн ахмад дайчны амьд яриа, сонирхолтой дурсамж бага хурлын агуулгыг улам баяжуулсан юм.
Ийнхүү Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл оролцсон Эрдэм шинжилгээний 2 дугаар бага хурал цэрэг-дайны түүхийн баримтыг судалгааны эргэлтэд оруулж нийтийн хүртээл болгосон, эрдэмтэн судлаачид тухайн сэдвээр санал бодол, байр сууриа солилцсон өгөөжтэй арга хэмжээ боллоо.