МУГТ Э.Цэндбаатарыг тойрсон асуудал амралтын өдрүүдэд нийтийн анхаарлын төвд байлаа. Улаанбал нэвтрүүлгийн редакци тамирчны зодуулсан бичлэгийг дэлгэсэн нь нийтийн анхаарлыг Боксын спорт, Боксын холбооны шинэ удирдлагууд руу татав. Олон нийтийн сүлжээнд Боксын холбоо залуу тамирчинд хатуурхсан, зориуд шахалт үзүүлсэн. Түүнийг ухаан алдаж унатал зодсон этгээдүүдийг хаацайлахын тулд Боксын холбоо Монголын шигшээ багаас хассан гэсэн шүүмжлэл өрнөж байгаа.
Болж өнгөрсөн үйл явдлыг мөн Хууль зүйн сайд Ц.Нямбаатартай холбон тайлбарлаж, Боксын холбооны Ерөнхийлөгчөөр очсон даруйдаа асуудал өрнүүлж байна хэмээн үзэж байгаа юм. Үйл явдлын талаар Ням гаригт МУГТ Э.Цэндбаатар өөрийн фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж Сахилга бат алдсан нь миний буруу. Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар өнөөдөр хэвлэлийнхний асуултад хариулт өглөө.
Ц.Нямбаатар: Улаан бал нэвтрүүлгийн шторкоор боксын холбооны хурлыг би зохион байгуулаад, орой нь хоол идүүлж, архи уулгаад, зодоон хийлгүүлсэн гэх утгатай ташаа мэдээлэл буюу эвлүүлэг хийж явуулсан байсан. Тийм үйл явдал болоогүй. Тэр орой хоол идсэн 130 хүнээс асууж болно. Нэвтрүүлгээ олон хүнд хүргэхийн тулд эвлүүлэг хийж, сэвсэн зүйл харагдаж байна гэж ойлгосон.
Боксын холбооны Удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Би удирдах зөвлөлд ороод найм хонож байна. Боксын холбооны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатартай холбоотой сануулга, анхааруулах асуудал удаа дараа яригдаж байсан байна юм билээ. Ойролцоогоор 3-5 удаагийн зөрчил байсан.
Үүнтэй холбоотойгоор бусад баг тамирчдад буруу үлгэр дуурайл үзүүлж байна гээд Удирдах зөвлөлөөс асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, удирдаж, хамтын шийдвэр гаргасан. Татвар төлөгчдийн мөнгөөр шигшээ баг цалинжиж, гадаадын тэмцээн уралдаанд явдаг тул сахилга баттай байх ёстой гэдэг дээр удирдах зөвлөлийн бусад гишүүнтэй санал нэгдсэн.
Би Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэдэгт бат итгэлтэй байна. Лодойсамбуу сэтгүүлчийн хэлж байгаачлан Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг өөрөө тайлбарлаад, өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлээд байвал холбоо гэж байх шаардлагагүй. Өөрөө хүсэж байвал боксын холбооны ерөнхийлөгч болъё гэх хүсэлтээ манай удирдах зөвлөлд тавих ёстой” гэв.