Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт энэ сарын 13-нд Төрийн ордонд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэх бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл” сэдвээр үг хэлэх бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 18-нд Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.
Тэрбээр ажлын байр бий болгож, татвар төлөн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа ярилцаж, гарах гарц, шийдлээ тодотгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн тэргүүний хувьд зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлж байсан юм.