ОХУ-д суралцдаг гадаадын оюутнууд цар тахлын нөхцөл байдлаас үл шалтгаалан цахимаар бус танхимаар хичээллэх шийдвэр гаргасан байна.
Иймд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад суралцах оюутнуудад зориулан зөвлөмж гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Зөвлөмж:
1. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, их дээд сургуулиуд виз авах гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажлыг эхлүүлээд байгаа болно. Энэхүү ажлыг бүрэн хийж дууссаны дараа оюутнуудад виз олгох зөвшөөрлийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст өгч, виз олголтын үйл ажиллагаа эхлэх юм байна.
2. Виз авсны дараа тухайн оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д орж, хилээр нэвтрэх эрх нээгдэнэ. Жагсаалтад бүртгэгдэхийн тулд тус улсад ирэхээсээ 10 хоногийн өмнө орох хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэргийг сургуульдаа тодорхой мэдэгдэнэ. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.
Жич: Энэхүү зохицуулалт хүчин төгөлдөр олон удаагийн сургалтын виз бүхий оюутнуудад мөн хамаарна.
3. Насанд хүрээгүй оюутныг зөвхөн нэг асран хамгаалагч ОХУ-д хүргэж ирэхийг зөвшөөрч байгаа болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн урилга авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө.
Жич: Асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарна.
4. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, хүлээн авагч сургууль, бусад төрийн байгууллагын ачааллаас хамааран үйлчилгээ удааширч болох тул виз аваагүй, “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д нэр нь бүртгэгдээгүй тохиолдолд ямар нэгэн тээврийн хэрэгслийн зорчигчийн тасалбар худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
5. Танхимын сургалтад хамрагдах оюутнуудад дараалан өгсөн, “сөрөг” үр дүнтэй хоёр удаагийн ПСР шинжилгээний хариу шаардана. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн өмнө, хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ.
Жич: ОХУ-ын нисэх онгоцны буудлуудад коронавируст халдварыг илрүүлэх төрөл бүрийн түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа бөгөөд гагцхүү ПСР-ийн шинжилгээ өгнө. Та бүхэн харьяалагдах сургуультайгаа нягт харилцаа, холбоотой байж сургуулийн захиргаанаас ОХУ-ын хилийг нэвтрэх, зорчих, сургуулийн дотуур байранд орох, танхимын сургалтад хамрагдах зэрэг үйл ажиллагаанд холбогдуулан өгсөн зөвлөмжийг хатуу дагаж, мөрдөх шаардлагатайг анхаарна уу.