Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд асан Санаэ Такаити Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох бодолтой байна. Японы Либерал ардчилсан намын тэргүүнд нэрээ дэвшүүлсэн түүнийг тус улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Абэгийн дэмжлэгийг авна гэдэг нь Такаитийг намынхаа 20 гишүүний дэмжлэгийг авах боломж бүрдүүлж байна гэсэн үг юм. Ингэснээр тэрбээр намын тэргүүнд нэр дэвших боломжтой болно.
Засгийн газрын тэргүүнд өрсөлдөх бодолтой бас нэг эмэгтэй нь Сейко Нода. Бас л Дотоод хэргийн сайд байсан тэрбээр мөн Эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх сайдын албыг ч хашиж байсан нэгэн юм. Тэрбээр 2015 онд л Либерал ардчилсан намын тэргүүнд өрсөлдөх бодолтой байсан боловч шаардлагатай 20 хүний дэмжлэгээ авч чадаагүй гэдэг.
Ерөнхийдөө энэ хоёр бүсгүй сонгуульд амжилт гаргах магадлал тийм ч их биш. Reuters-ийн мэдээллээр, Японы сонгогчид COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын асуудлын сайд Таро Коног дараагийн Ерөнхий сайдад дэмжиж байна. Гэвч Коно эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөх бодолтойгоо зарлаагүй аж. Ерөнхийдөө тэрбээр намын нөхөдтэйгөө зөвлөлдөж байж эцсийн шийдвэр гаргана гэжээ.
Намын дарга, цаашилбал Ерөнхий сайдын суудалд Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, намын улс төрийн албаны дарга Хакубун Шимомура нар нэрээ дэвшүүлээд байна. Түүнчлэн Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида өрсөлдөхөөр төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: Tengrinews