Xiaomi компанийн үйлдвэрийн дэлгүүр санамсаргүй алдаа гаргаж, Mi 11 Pro гар утсаа $700 биш, $110-аар худалдан борлуулжээ. Энэ тухай олон нийтийн цахим сүлжээний мэдээлэлд суурилан MyDrivers мэдээлэв.
Xiaomi Mall худалдааны салбар 8 ГБ шуурхай, 256 ГБ байнгын санах ойтой Xiaomi Mi 11 Pro загварын ухаалаг гар утсандаа ¥500 ($79)-ийн хямдрал зарлахаар шийджээ. Худалдан авагчид купоноо ашиглавал энэ хямдрал дээр дахиад ¥200 ($31) хэмнэх боломжтой байв. Гэтэл дэлгүүрийн системд алдаа гарч, хямдралын оронд худалдан авах үнэ нь $110 гэж тавигджээ. Уг загварын зөвлөх үндсэн үнэ нь $810, хямдраад $700 болох ёстой байв.
Үүнийг анзаарсан хэрэглэгчид Tieba ба Station олон нийтийн сүлжээнд амжилттай худалдаа хийснээ сайрхаж, скриншот хүртэл үлдээж эхэлжээ. Xiaomi Mall гар утас авсан хүн бүрт мөн үнэгүй футболк ч тараажээ. Худалдан авагчид худалдааны талбараас ямар тайлбар хийхийг хүлээж, захиалсан төхөөрөмжийг нь хямдарсан үнээр явуулна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Энэ бол 2021 онд гар утасны худалдаанд гарсан анхны алдаа биш гэнэ. Саяхан Samsung-ийн дэлгүүр хямдрал зарлахдаа цифрээ алдаж, ¥4000 ($620)-ийн үндсэн үнэтэй гар утсыг 6 дахин хямд буюу ¥790 ($112)-аар худалдсан хэрэг гарчээ. Үйлдвэрлэгчийн зүгээс захиалгыг цуцалж, үйлчлүүлэгчдэд мөнгийг нь эргэн шилжүүлж, тааламжгүй асуудал үүсгэсний нөхөн олговор болгон хямдрал санал болгожээ. Зарим шинжээчид Samsung-ийг алдаагүй, хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд зориуд ийм схем хийсэн гэж үзэж байна.
Үүнээс гадна Xiaomi шууд дамжуулалтын үеэр сүлжээний нэг хэрэглэгчид алдаа гарган Redmi A55 ухаалаг телевиз худалдан авахад зориулж, ¥1999 ($309)-ийн купон олгожээ. Үүний үр дүнд азтай хэрэглэгч ердөө л ¥700 ($108)-оор шинэ загварын зурагттай болсон аж.
Эх сурвалж: Focus.ua