Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хот өвөлд бэлэн” нэгдсэн үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хот өвөлд бэлэн” үйл ажиллагаанд хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, инженерийн хангамжийн 43 байгууллага оролцож, өвлийн бэлтгэл, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдал, хийж буй ажлаа иргэдэд танилцуулж байна.
Өвөлдөө замын давсыг ихэвчлэн хүрзээр цацдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, зориулалтын техник ашиглаж эхэлсний дээр ажиллагсдаа өвлийн хувцас, дулаан гутлаар хангадаг болсон сайн туршлага олон бий.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тавдугаар сард “Нийслэлийн 2021-2022 оны өвлийн бэлтгэл хангах тухай” захирамж гаргасан. Энэ хүрээнд өвлийн бэлтгэл, шуурхай байдлыг шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, байгууллага хооронд харилцан туршлага солилцуулахаар Улаанбаатар хотын инженерийн хангамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд нэгэн дор цугласан нь энэ юм.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө нар аж ахуй нэгж, байгууллагын өвлийн бэлтгэлтэй танилцав. Түүнчлэн өвлийн бэлтгэл хангахад тулгамдаад буй асуудлыг сонсон, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг нийслэлийн удирдлагуудад уламжлан, хэлэлцэхээ мэдэгдэв.