Азийн Хөгжлийн банк, ЭМЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн “Ковид-19”-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт 22,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс одоогоор 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газар АХБ хооронд коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх, эрсдэлтэй өвчтөний оношилгоо эмчилгээг сайжруулах зорилготой КОВИД-19-ийн яаралтай тусламжийн шинэ зээлийн гэрээг 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан.
Гэрээний дагуу аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушгины хатгалгааны үед хэрэглэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл болон УНТЭ болон УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72 534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж, суурилуулан, үйл ажиллагаанд оруулжээ. Мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах нэгдсэн агуулахыг барих ажил хийж байгаа аж.
Лавлагаа шатлалын эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд иж бүрэн тоноглолтой эрчимт эмчилгээний 210 ор нийлүүлснээс 35 ор нь одоо УГТЭ-ийн “Ковид-19”-ийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжид ашиглаж байна.
Дэлхий нийтээр тэмцэж буй “Ковид-19” цар тахлын эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэлийн нэг тархи судасны эмгэг буюу тархины харвалт тулгамдсан асуудал болж байна. Манай улс тархины эдийн цус харвалтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг төдийгүй 100,000 хүн амд 292 хүн тархины харвалтаар өвддөг гэсэн статистик тоо мэдээ бий.
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг 1971 онд байгуулагдсан бөгөөд улсын хэмжээний үйлчилгээтэй мэргэжлийн ууган тасгийн нэг юм. Тус тасагт жилд дунджаар тархи, мэдрэл, нуруу нугасны 1500 орчим мэс заслын тусламжийг бүх насны хүн амд үзүүлдэг. ЭМЯ, АХБ-ны хамтран хэрэгжүүлсэн энэхүү ажлын үр дүнд Монгол Улсын Мэдрэлийн мэс заслын салбарт сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй 20 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий иж бүрэн, цогц бүрэлдэхүүн бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн түүхэн шинэчлэл хийжээ.
Энэхүү тоног төхөөрөмж технологийн шинэчлэлийн ачаар Монгол Улсын Мэдрэлийн мэс заслын салбарын хөгжил олон улсын түвшинд хүрч иргэд эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээг авах боломж, бололцоо бүрдэн улам өргөжиж байгаа юм.