Москва орчмын Ногинск хотод есдүгээр сарын 8-ны өглөө эрт есөн давхар орон сууцны барилгад ахуйн хэрэглээний хий дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас гуравдугаар давхар нь нурж, оршин суугчид бэртэж гэмтжээ. Дэлбэрэлтийг нүдээр харсан иргэд, оршин суугчдын ярьж байгаагаар аврах алба, түргэн тусламжийнхан хэргийн газарт шуурхай очиж, нуранги доороос гурван хүнийг гаргасан байна.
Дэлбэрэлт маш хүчтэй байсан тул эсрэг талын байшингийн цонх хүчтэй доргиж, тавилгууд чичирсэн талаар гэрчүүд ярьжээ. Дэлбэрэлт болсон барилгын ойр хавьд зогсож байсан машины жолооч нар болон зэргэлдээ байрны оршин суугчид ойролцоо машин дэлбэрсэн болов уу хэмээн бодож байсан гэнэ.
Аврах анги дэлбэрэлт болсон орон сууцанд ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж, дээд давхрын оршин суугчдыг доош буухад тусалжээ. Нийтдээ 170 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд байрлуулсан бөгөөд нурсан барилгад үнэрч нохойны тусламжтайгаар хүн үлдсэн байгаа эсэхийг шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Одоогоор гурван хохирогчийг нурангин дороос аварчээ.
Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэж, Москва мужийн прокурорын газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.