Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх тухай тогтоол батлагджээ. Тогтоолд Нийслэлийн ЗДТГ-ыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Нийслэлийн ЗДТГ эхний ээлжинд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба зэрэг нийтдээ 16 агентлаг, албаны 900 гаруй албан хаагчдыг эхний ээлжинд нийт Яармаг дахь Нийслэлийн захиргааны шинэ байр руу нүүлгэх шийдвэр гаргажээ.
Мөн Баянхошуу, Шар хад, Сэлбэ гэсэн гурван газрыг дэд бүтцэд холбон нийслэлд гурван төв байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Тиймээс эдгээр төвүүд рүү зарим яам, тамгын газрыг нүүлгэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдэгдлээ.
Мөн тэрээр Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн ИТХ зэрэг байгууллагууд Яармаг руу нүүн шилжиж байгаатай холбоотойгоор Яармаг орчимд түгжрэл үүсэх төлөвтэй байгаа. Яармагийн газар төлөвлөлт асар муу болсон. Бид шинэ төвийг хангалтгүй түвшинд зохион байгуулсан. Хотын захиргааны зүгээс түгжрэл нэмэхгүй байхаар дотоод ажлаа зохион байгуулна гэж хэллээ.
Хотын захиргааны шинэ байр нь гурван блок бөгөөд нэг нь бүрэн ашиглалтад орсон. Үйлчилгээний хэсэг буюу агентлагууд байрлах байр нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч нүүлгэн шилжүүлэлтийг аль болохоор иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.