Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байршлыг тодруулбал, Улаанбаатар хотоос баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор хэлж байна.
3-4 баллын газар хөдлөлт нь хүнд мэдрэгдэх боломжтой бөгөөд зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай гэнэ. Баллын хэмжээ 10-аас хэтэрвэл барилга байгууламжууд нурах аюултай гэж үздэг. Өнгөрсөн шөнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотоос гадна Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төв болон зарим суманд хүчтэй мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна.
УЛААНБААТАРТ 5.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ МЭДРЭГДЛЭЭ
Улаанбаатар хотод 00:50 цагт газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-09-08 00:50:33
Газар зүйн байршил (Өргөрөг, У: 48.64 106.06
Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.0