“Талибан” хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Ахмадулла Муттаки өчигдөр “Исламын Засгийн газрыг зарлах бэлтгэл ажил дууссан бөгөөд ойрын хугацаанд зарлана” хэмээн Twitter-тээ жиргэжээ. Жиргээнд сүүлийн 40 жилийн түүхэнд анх удаа Афганистаныг бүтэн улсаар нь захирах Засгийн газар байгуулагдана гэдгийг онцлон тэмдэглэсэн бөгөөд Кабул тун удахгүй Афганистаны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлах гэж байгааг дуулгажээ.
Үүний өмнөхөн “Талибан”-ы өөр нэг төлөөлөгч Забихулла Мужахид Кабулын шинэ засаглалыг эсэргүүцсэн Афганистаны цорын ганц бүс болох Панжшер мужийг бид хяналтандаа авсан хэмээн мэдэгдээд босогчдын зарим нь тулаанд ялагдаж, зарим нь зугтсан. Үүгээр Афганистаны нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаа дуусав гэсэн агуулгатай мэдэгдлийг хийсэн юм.
Гэвч түүний энэ мэдэгдлийг Ахмад Масуд тэргүүтэй Панжшерын эсэргүүцлийн хүчин үгүйсгэсэн байна.
“Талибан” хөдөлгөөн энэ сарын 3-нд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлахаа мэдэгдэж байсан ч шинэ Засгийн газартай холбоотой ямар нэгэн үйл явдал өрнөөгүй юм. Гэхдээ талибууд өнгөрсөн долоо хоногт Гадаад хэргийн сайд, Дотоод хэргийн сайдын томилгоогоо хийсэн, Афганистаны дээд удирдлагаар “Талибан”-ы удирдагч Хайбатулла Ахунзада болох магадлалтай байна гэсэн таамаглалыг хэвлэлүүд мэдээлж байв.
Гэвч Талибын Засгийн газар байгуулагдахгүй удааширч байгаа нь тэдний хоорондын тохиролцооноос болж саатаж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлж байна. Жишээ нь, “Hindustan Times” сонин “Талибан”-ы салбар ангиудын удирдлагууд ирээдүйн Засгийн газарт аль болох илүү нэр нөлөөтэй болохын төлөө тэмцэлдэж байгаа талаар мэдээлжээ.
Шинэ Засгийн газарт байр сууриа бататгахын төлөө Талибан хөдөлгөөн дотроо цэрэг дайны чадамж хамгийн өндөртэй “Хаккани” сүлжээ болон “Талибан”-ыг үүсгэн байгуулагч мулла Омарын хүү Мохаммад Якубын бүлэг нэлээд голлох үүрэгтэй оролцож байгаа аж. Мулла Якубад үнэнч хүчнийхэн Кандагарыг хянадаг бол “Хаккани” сүлжээ нь Кабулыг хяналтдаа байлгадаг гэж тус сонин мэдээлжээ.