ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг томилжээ. Үүнээс өмнө ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүгийн тухай мэдээлэл цацагдсан бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан Д.Нямхүү шүүхэд гомдол гаргаж, шүүх Д.Нямхүүгийн гомдолыг бүхлээр нь үндэслэлтэй хэмээн шийдсэнийг дуулгаж байсан юм. Өнөөдөр Д.Нямхүү ч тайлбар өгчээ. Тэр би ХӨСҮТ-ийн дарга болох гэж шүүхдээгүй хэмээн мэдэгдсэн байна.
Үйл явдлыг эргэн харахад, энэ оны нэгдүгээр сарын 20-нд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан гаргасан билээ. Нэгдүгээр сарын 19-ний орой “Өргөө” төрөх газарт амаржсан, коронавирусний халдвартай эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасанд бухимдсан иргэд эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ажилтнуудныг ноцтой алдаа гаргаж, өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхдээ эрүүл мэндийн байгууллагад мөрддөг дүрэм, журмыг зөрчсөн хэмээн буруушаасан юм.
Сэдэв олны уур бухимдлын гол шалтгаан болж нэгдүгээр сарын 20-нд Төв талбайд болон иргэдийн тайван жагсаал болж, Ерөнхий сайд, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар албан тушаалаасаа огцорч, нийгмийн бухимдлыг саармагжуулж байлаа. Гэвч цаг хугацааны дараа энэ жагсаал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төртэй холбоотой байсныг үйл явдлууд гэрчлэх болж, нярайлсан эхийн дуулиан ч замхарсан билээ.
Үүнээс хойш хоёр сарын дараа буюу гуравдугаар сарын 19-нд ЭМ-ийн сайдаар шинээр томилогдсон Л.Энхболд Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн захирлаар томилогдсон. Нэгдүгээр сараас хойш есдүгээр сарыг хүртэл улс оронд олон үйл явдал болж өнгөрч Д.Нямхүү яагаад ажлаасаа халагдсан. Түүнийг хэн халсан, оронд нь хэн ирж суусан бэ гэсэн сэдвийг олон нийт аль хэдийнэ мартжээ.
Коронавирусын улмаас ХӨСҮТ сүүлийн хоёр жилийн турш олны анхааралд байгаа. Өчигдөр Л.Баттөр албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа талаарх мэдээ ч ковидын халдвар дундуур хачир болж орж ирж байна. Гэхдээ албан тушаалын энэ өгөө, авааг байдаг л асуудал гэдэг талаас харвал нийгмээ улам эвдэхэд хүргэх юм. Шүүхийн шийдвэр Д.Нямхүүгийн талд гарсан учраас Л.Баттөр ажлаа өгч байгаа нь үнэн аж. Л.Баттөр муу ажиллаагүй, гэхдээ цаашид албан тушаалын маргаан даган үүсч болох эвгүй нөхцөл байдлыг мэдрээд, ухаалаг алхам хийж түрүүлээд ажлаа өгч байгаа бололтой юм.
ХӨСҮТ-ийн даргын халаа сэлгээг тойроод нэг албан тушаалд зөрж томилогдсон хоёр хүний асуудал яригдаж байгаа боловч цаана нь Монголын улс төр, албан тушаалын халаа сэлгээ бодитой явагддаг уу, сэтгэлийн хөөрөл дээр явагддаг уу, аль эсвэл намын бүлэг фракц хоорондын тохиролцоо, нэгнээ халах гэж халсан тооцоон дээр явагддаг уу гэдгийг ил тод харуулж байх шиг байна.
Нэг албан тушаалыг Л.Баттөр орхиж, Д.Нямхүү авах эсэх нь байдаг л нэг үйл явц хэмээн бодох нь энгийн үйл явц биш юм. Д.Нямхүүгийн ажилгүй суусан 8 сарын цалин улсын төсвөөс гарна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ өнгөрсөн найман сарын хугацаанд хоёр даргатай байсан юм шиг, хоёр даргын цалин улсын төсвөөс гарч байгаа юм. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Сайд, дарга нар энэ мөнгийг дур зоргоороо үрэн таран хийж, жилдээ хэдэн тэрбумаар нь албан тушаалын халаа сэлгээ даган үүсэн шүүхийн шийдвэрт урсаж байгаа юм.
Төсвийн ийм үрэлгэн зардлыг багасгаж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдож байгаа хүмүүсийн нэхэмжилсэн нөхөн олговор, ажилгүй байх хугацааны цалинг улсын төсвөөс биш ажилтныг үндэслэлгүй халсан удирдлагаас нэхдэг болвол ямар вэ. Тодорхой хэлбэл ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн ажилгүй байх хугацааны цалинг түүнийг үндэслэлгүйгээр халсан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан төлөх нь шударга ёсонд нийцэх юм.