Коронавируст цар тахлын улмаас өнөө жил ЕБС-ийн сурагчдыг танхим болон зайны сургалтад хамруулахаар БШУЯ-аас шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгүүд 4 болон 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна. Танхимаар хичээллэж буй дээрх 19 сургууль нь төрийн бус өмчийнх бөгөөд нэг ангид сууж хичээллэх хүүхдийн тоо нь 20-иос цөөн байгаа юм.
Харин танхим болон зайн сургалтыг хослуулан 5/9 зарчмаар хичээллэж буй сургуулиуд танхимын сургалтад 1 удаад 20-25 хүүхэд хамруулж буй. Ингэснээр сурагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагаас үзжээ. Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ.
Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй аж. Тус багийнхан холбогдох бүх сургалтад хамруулсан байна. Тэгвэл 12-17 настнууд дархлаажуулалтын I тунд 86.4-87.8 хувь, II тунд 69.5-72.3 хувьтай хамрагдаад байна.