Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, Далан давхрын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.
Ташрамд дурдахад, Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна.
2015 онд Улаанбаатар хотын ЗАА-наас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.