Монгол Улсын анхны хиймэл дагуул Мазаалай өнөөдөр (2017.07.07) Улаанбаатарын цагаар 16.30д сансрын тойрог замд орно гэж төслийн багийнхан мэдэгдлээ.
Хиймэл дагуулыг ОУСС-аас чөлөөлж задгай сансарт гаргах ажиллагааг Японы Сансрын агентлаг удирдан явуулж байгаа аж.
“Мазаалай” дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм байна. Нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх аж.
Манай улс хиймэл дагуултай болсоноор бие даасан сансрын судалгаа хийх, нутаг дэвсгэрийнхээ илүү нарийвчилсан зураглал гаргах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой.