Файзер, Синофарм вакцины нэмэлт гурав дахь тунг наймдугаар сарын 27-ноос цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, 55-аас дээш насны болон зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж буй.
Тэгвэл есдүгээр сарын 2-ны байдлаар 49,831 хүн нэмэлт гурав дахь тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон КОВИД-19-тэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ны хооронд тус тусгай дугаарт нийт 1,541 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авчээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.44 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 77 иргэн хандаж, 47 иргэн автомат хариулагчаас, 30 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авсан байна.