Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хоёр дахь хүү нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл аль-Сатех хувьсгалын ойтой тохиожээ.
49 настай Саиф аль-Ислам Каддафи Ливи улсын түүхэнд анх удаа болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байна. Тус сонгууль 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд болох аж.
Мэдээлэл хүргэсэн эх сурвалжийн тэмдэглэснээр, талийгаач Муаммар Каддафигийн хүү Саиф аль-Исламын энэ шийдвэр 1969 онд хаант дэглэмээ устгасан аль-Сатех хувьсгалын ойтой яг давхацсан гэнэ. Саиф аль-Ислам тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэх төлөвтэй байна.
Ливийн хөнөөгдсөн удирдагч Муаммар Каддафигийн хоёр дахь хүү Саиф аль-Ислам Каддафи нь баруунд боловсрол эзэмшсэн болохоор олон хүн түүнийг эцгийнхээ эсрэг үзэл бодолтой хүн гэж үздэг байна. Саиф улс төр сонирхож, шинэчлэлийг дэмждэг байв. Харин Арабын хувьсгалын үеэр тэрбээр эцгийнхээ талд орж, босогчдын бүслэлтэд орсон аж. 2017 онд “Абу Бакр ас-Сиддик” бүлэглэлээс Саиф Каддафийг өршөөлөөр суллаж байгаагаа зарласан байна.
Ливи улсад Ерөнхийлөгчийн сонгууль 2019 онд болох ёстой байсан ч Халифа Хафтарын хүч Триполи руу давшилт хийснээс болоод сонгуулийн кампанит ажлыг хойшлуулсан аж. 2018 онд Каддафигийн гэр бүлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Басема аль-Хашими ас-Соуль түүний хоёр дахь хүү Саиф аль-Исламыг Ливийн төрийн тэргүүнд өрсөлдөх бодолтой гэж мэдэгдсэн юм. 2018 оны гуравдугаар сарын 19-нд Муаммар Каддафигийн хоёр дахь хүү Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцохоо илэрхийлсэн боловч сонгууль зэвсэгт мөргөлдөөнөөс болоод тодорхойгүй хугацаагаар хойшлогдоход хүрсэн ажээ.
Эх сурвалж: Focus.ua