Соёлын арга хэмжээг алдаршуулах “Пушкины карт” хөтөлбөр есдүгээр сарын 1-нээс Орост ажиллаж эхэллээ. Уг хөтөлбөрийн тусламжтайгаар 14-22 насны залуус улс орныхоо театр, музей, концертын заалаар үйлчлүүлэх боломжтой хэмээн Засгийн газран хэвлэлийн албанаас нь мэдээлэв.
“Ерөнхийлөгчийн санаачилгаар Орост есдүгээр сарын 1-нээс соёлын шинэ хөтөлбөр “Пушкины карт” эхэлж байна. Үүний тусламжтайгаар 14-22 насны залуус улсын хөрөнгөөр театр, музей, концертын заалын тасалбар авч болно. Хөтөлбөрийн эхний шатанд 3,9 тэрбум рубль гаргах захирамжинд Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин гарын үсэг зурлаа” хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.
ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова “Пушкины карт”-ны нэрлэсэн үнэ есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 3000 рубль, 2022 онд 5000 рубль болж нэмэгдэхийг зарласан юм. Орост өдгөө 14-22 насны 13 сая орчим залуус байна. Энэ бол төслийн боломжит хамрах хүрээ гэжээ.
ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова соёлын 1,3 мянга гаруй байгууллага “Пушкины карт” хөтөлбөрт 7000 гаруй арга хэмжээгээрээ оролцох хүсэлт гаргасныг тэмдэглэсэн аж.
Эх сурвалж: РИА