БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт өнөөдөр эхэллээ.

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3,469 иргэн бүртгүүлсэн байна.

Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу  2021 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 19-нд ХХҮЕГ-ын байранд өдөрт дөрвөн ээлжээр зохион байгуулж эхэллээ.

Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулах бөгөөд хариуг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зарлах юм байна.

Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлжээ.  Тусгай шалгалтыг есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг аравдугаар сарын 20-нд зарлана гэдгийг ХХҮЕГ-аас мэдээллээ.

Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орох юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн