Ерөнхий сайдын тамгыг хүлээн авч байсан оны эхний саруудад шинэ Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ шиг сайхан амлаж чаддаг улс төрч ховор байв. Амлалт, ажлын зөрүү хоёр явсаар шинэ Ерөнхий сайдыг байдаг л нэг иргэн болохыг харуулж эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ гивлүүртэй бүсгүй шиг нууцлаг болж, суудалдаа оршин тогтнох арга хэлбэрээ далдаас явуулж эхлэв бололтой.
Ерөнхий сайдын олон бүтэлгүйтлээс жишээ татахад хамгийн сүүлчийн шуугиан дуулианы гол бай болсон Андлалын хөшөөний хувь заяа юм. Андлалын хөшөөг ад үзвэл ардын дайсанд тооцоно хэмээн попорч байсан Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө гараар Андлалын хөшөөгөө нураан ардын дайсан нь чухамдаа хэн бэ гэдгийг ард түмэнд харуулж орхисон юм.
Боломж л гарвал камерын өмнө янз бүрийн юм амлачихаад байдаг зуршилтай Л.Оюун-Эрдэнэ амлалтууд нь бүтэлтэй байхаасаа илүү бүтэлгүйтэх нь ихсэх тусам хөшигний цаана орж, МАН-ын дарга, Ерөнхий сайдаар үлдэх боломжоо олон нийтийн сүлжээний хов, жив дээр тулгуурлан шийдвэрлэх эрсдэлтэй замыг сонгож байгаа бололтой.
Өчигдөр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан бус зөвлөхөөрөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ажиллуулахаар болсон гэнэ ээ” гэсэн мэдээ гарч, хурдтай тарав. Гэвч энэ мэдээнд Л.Оюун-Эрдэнэ ч, Х.Баттулга ч ямар нэгэн байдлаар тайлбар өгөөгүй байна. Өөрт нь таагүй, нэр хүндэд нь сөрөг нөлөөлж болохуйц мэдээнд албан ёсоор болон хэвлэлийн албараараа дамжуулан яаран хариу барих, эсвэл гаргаж буй шийдвэрээрээ яригдаж байгаа сэдвийн учир шалтгааныг тайлбарлах гэж үздэг арга хэлбэрт шилжсэн Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийхгүй байгаад гайхах юм алга. Ерөнхийлөгч асан Х.Баттулга дэргэд нь ирж байгаа гэсэн мэдээлэл түүнд далайд живсэн хөлөг онгоцны сүйрлээс амьд гарсан капитан шиг аз авчирна гэсэн найдварыг ч төрүүлж байгаа юм бил үү хэн мэдлээ.
Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг хэт ойрхон хүмүүс гэдгийг хэн ч мэднэ. Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгт ах Херо энтертаймент-ын Б.Баатар энэ хоёр хүний гол зангилаа юм. Харин өчигдрийн Х.Баттулга нь Ерөнхий сайдын зөвлөх болж байгаа юм гэнэ ээ гэсэн мэдээ нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас огцрох вий гэсэн айдасыг дарж, Х.Баттулгаар хамгаалуулах гэсэн Б.Баатарын заль, нүүдэл байж магадгүй байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан, ээлжит хугацаагаа дуусгаад нэг улирал ч болоогүй байгаа хүн Ерөнхий сайдынхаа зөвлөх, тэртусмаа сөрөг хүчнийхээ намын даргад зөвлөнө гэдэг бол байж боломжгүй жишиг. Арай дэндүү жижигдсэн албан тушаал. Цагтаа Монгол Улсын топ улс төрчдийн рейтингийг тэргүүлж явсан хүнийг хэтэрхий доош нь хийсэн шийдвэр болох билээ.
Хэрвээ тэдний дунд ийм харилцаа үүслээ гэж үзвэл, тэр холбоосынх нь ард хэзээ ч, яагаад ч салж чадахаа байсан ашиг сонирхол, хамтдаа бүтээн баглаж болох авлигын торон сүлжээ гэх мэт улс төрчдийн нэр хүндэд хортой, хууль бус үйлдлүүд л нуугдаж байж болох юм. Гэхдээ асуудлыг ингэж хардахаас илүү Х.Баттулгын нэр хүндийг муухай унгасаан, хэтэрхий доош нь хийсэн зөвлөхийн албан тушаалын мэдээг зүгээр л Л.Оюун-Эрдэнийн айдас бас Х.Баттулгаар хань татах гэсэн түр зуурын хамгаалалт гэж үзэж болох байх. Үүнийг зөвхөн улс төрчдийн пиарчид, бүүр тодорхой нэрлэвэл Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар тараасан байх магадлалтай юм.
Мэдээ өөрөө эрх баригч МАН-д Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг шилгээх, түүнийг МАН-ын даргаас авч хаях нөхцлүүд яригдаж байж болзошгүйг харуулах аж. Хэрвээ ийм яриа, хэлэлцээ хийгдсэн байлаа гэхэд Х.Баттулга ямар “мангас” биш дээ. Сөрөг хүчнээс томилогдсон экс Ерөнхийлөгч нь улс төрчдийн ноён нуруу, нэр хүндээ алдаад, хэтэрхий доошоо орж намын даргынх нь зөвлөхөөр бууж ирж байгаа хэрэг явдлаас 100 жилийн настай МАН айна ч гэж юу байхав. Энэ холбоос нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн оргил карьерын төгсгөлийг заана гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн сайн мэдэж байгаа.
Д.ЖАРГАЛАН