АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын Вашингтонд наймдугаар сарын 31 -нд болох уулзалтыг есдүгээр сарын 1-нд болгож хойшлуулжээ.
“Ерөнхийлөгч Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийг есдүгээр сарын 1-ний лхагва гарагт Вашингтонд хүлээн авч, уулзана” гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Удахгүй болох айлчлалыг Цагаан ордон Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хоёр улсын эрчим хүчний аюулгүй байдлын чиглэлээр хийх нягт хамтын ажиллагаа, түүнчлэн авлигатай тэмцэх, шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Зеленскийг дэмжиж буйн баталгаа гэж мэдэгджээ.
В.Зеленский, Ж.Байден нарын уулзалтыг хойшлуулсан нь АНУ-ын иргэдийг Афганистанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбоотой гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк ням гарагт мэдээлсэн байна.
В.Зеленский ажлын айлчлал хийхээр наймдугаар сарын 30-нд АНУ-ыг зорьж, 31-нд Байдентэй уулзах ёстой байсан юм. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн хэлснээр, хоёр улсын Ерөнхийлөгч нар мөн нүүр тулсан уулзалт хийх бөгөөд улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудал гэсэн гурван багц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.