Халдвар авсан хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэвэл ямар үр дагавар гарах вэ?
Энэ асуудлыг Жорж Мейсоны их сургуулийн Системийн биологийн сургуулийн профессор, биологийн шинжлэх ухааны доктор Анча Баранова Sputnik радиод өгсөн ярилцлагынхаа үеэр тайлбарлажээ.
Яг одоо өвдсөн хүн вакцин хийлгэх ёсгүй гэнэ. Гэхдээ зарим үед COVID-19 бараг шинж тэмдэггүй явагддаг. Тиймээс дөнгөж өвдсөн, халдвар авсан, түүнийгээ мэдэхгүй хүн тариулахаар ирэхийг үгүйсгэх аргагүй. Иймэрхүү тохиолдолд юу болох вэ гэдгийг Анча Баранова хэлжээ.
“Хэрэв COVID-19 тусаад эдгэрсэн хүнийг таривал түүнд “алтан дуулга” бий болно. Өөрөөр хэлбэл хамгийн дээд, удаан хугацааны дархлааны хариутай болно гэсэн үг. Харин коронавирусийн халдвар дөнгөж авчихаад байгаа ч түүнийгээ гадарлаагүй яваа хүн эхний тунгийн вакцинаа хийлгэвэл вакцингүй мэт өвдөнө” гэж Баранова хэлжээ.
Энэ нөхцөлд бие махбодын дархлааны хариу үйлдэл бүрдэж чадаагүй, өвчний явц зөвхөн тухайн хүний өөрийнх нь дархлаанаас хамаарна гэсэн үг. Энэ тохиолдолд өвчнийг тарилгын байж болох үр дагавартай андуурч болохгүй. “COVID-19 тэр дороо илэрдэггүй. Тиймээс хүмүүс энэ өвчин вакцинаас болсон мэт санагдаж болзошгүй. Үнэн хэрэгтээ тэр нь коронавирус байна. Энэ үед хүн эмчлүүлэх ёстой болохоос эм тариа хийлгэхгүй яваад байж болохгүй” хэмээн эрдэмтэн ярьсан байна.
Ийм тохиолдлоос зайлсхийх маш амархан. Вакцин хийлгэхийнхээ өмнө PCR шинжилгээ өгөхөд л болно. Хэрэв шинжилгээ өгөөгүй, тарилгын дараа бие эвгүйрхэж, сэжиг эргэлзээ төрвөл бас л PCR өгөхөд л хангалттай. “Хэрвээ тухайн өвчтөн вакцины дараа бие нь муудаж, PCR эерэг гарвал тарилга биш, коронавирусийн халдвар л буруутай” хэмээн Анча Баранова дүгнэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ