Их, дээд сургуулиудын босго онооны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно. Өмнө нь яамнаас төрийн өмчийн их, дээд сургуулиудын босго оноог 480 гэж тогтоохоор хувийн сургуулиуд 400-410 гэж буулгадаг байсан. Үүнээс болж 7200 хүүхэд өөрийнхөө ЭЕШ-ыг баталж чадаагүй. Иймд энэ жилээс босго оноог хувийн их, дээд сургуулиуд засахыг хуулиар хатуу хориглож байгаа юм. Ийм алдаа дутагдал гаргасан их, дээд сургуулиудын захиралтай хатуу хариуцлага тооцно” гэв.
Түүнчлэн тэрбээр, “Яагаад их, дээд сургууль төгссөн хүмүүс шууд ажлын байрт гарч чадахгүй байна вэ гэдэг асуулт дээр дүгнэлт гарсан. Нэг талдаа ажилгүй 100 мянган хүн байгаагийн 30-40% нь их, дээд сургууль төгссөн иргэд байгаа. Тэгсэн хэрнээ 22 мянган ажлын байр байх жишээтэй. Их, дээд сургууль төгсөж байгаа хүмүүс ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг эзэмшиж чадахгүй байна. Иймд энэ ур чадварыг дөрвөн жилийн хугацаанд эзэмшүүлэх шаардлагатай гэж үзсэн” хэмээн тодотгосон юм.
Энэ жилийн ЭЕШ-тай холбоотой нэг онцлог бол босго оноо, ур чадварын оноо гэх хоёр оноог бий болгосон. Тухайлбал,
- Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480
- Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410
- Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй гэсэн үг юм.