Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютертомографи оношилгоог Монгол Улсад шинээр хийж эхлэхээр боллоо. Монгол Улсын хүн амын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаантай өвчлөл, нас баралт тэргүүлэх байрыг эзэлдэг.
Энэ оношилгоо эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой бөгөөд ПЭТ компьютертомографи оношилгоо болон цацраг идэвхт эмийн үйлдвэр байгуулахад хүчин чармайлт, хичээл зүтгэл гарган ажилласан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд төдийгүй Бүгд Найрамдах Солонгос Улсын түншүүд идэвхитэй ажиллажээ.
Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны нэгэн шилдэг технологи нэвтэрч байгаа бөгөөд энэ төрлийн оношилгоонд орохоор гадаад улсыг зорьдог иргэдийн урсгалыг багасгаж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулна гэж албаныхан үзэж байна.
Монгол Улсын иргэд гадаад улс онуудад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гадаад улсад ПЭТ компьютертомографи оношилгоо хийлгэхэд зарцуулдаг нийт зардлыг манай улсад хийж эхэлснээр энэ оношилгоонд гарах зардалтай харьцуулахад 2-5 дахин буурах юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл дээр ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэжээ.
Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа билээ. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.