Дэлхийн улс орнуудад төрийн захиргаа, нийтийн удирдлагын чиглэлээр ажилладаг, суралцдаг, судалдаг хүмүүсийн цагаан толгой болсон Овен Е. Хьюсийн “Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” номын тав дахь хэвлэл албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хэвлэгдлээ.
Уг номын нээлтийг наймдугаар сарын 23-нд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөл, Нийслэлийн Сургалт, судалгааны төв хамтран зохион байгуулсан юм. Үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамтын ажиллагааны дэд захирал Бенуа Мейэр-Биш нар үг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Овен Е.Хьюсийн 2018 онд хэвлэгдэн гарсан “Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” бүтээлийн тавдугаар хэвлэлийг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан та бүхний гар дээр хүргэж байгаад баяртай байна. Энэхүү бүтээлийг орчуулснаар эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, оюутнууд, төрийн албан хаагч, ном сонирхогчдод томоохон хөрөнгө оруулалт болно.
Тус номыг монгол хэлнээ орчуулах зөвшөөрөл олгосон Спрингер Нэйчөр (Springer Nature) хэвлэлийн газар, зохиогч Овен Е.Хьюст талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн тус номыг орчуулсан Төрийн удирдлагын эксперт Ц.Даваадулам, хянан тохиолдуулсан Олон улс судлалын доктор П.Наранбаяр, НЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон уг ажлыг санхүүжүүлсэн Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төслийн нэгжийнхэнд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” хэмээв.
Номын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагуудаас гадна Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, Удирдлагын Академи, ШУА, МУИС, ШУТИС болон бусад их дээд сургууль, олон улсын байгууллагын төлөөлөл, албан хаагчид, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож, санал сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн нээлтийн ажиллагааны үеэр зохиогч Овен Е.Хьюс мэндчилгээ дэвшүүлсэн юм.
НЗДТГ Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС