Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг.
Тэгвэл энэ удаа Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг наймдугаар сарын 28, 29-нд 09:00-19:00 цагийн хооронд “Автомашингүй гудамж” болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Хичээлийн шинэ жилийг угтсан тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс /Хангарди ордны 6 давхар/-т бүртгэж эхэллээ. Үзэсгэлэн худалдааны байршил бүрд үсчин ажиллуулахын зэрэгцээ халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулан мөрдүүлэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-315349 дугаарын утсаар авах боломжтой.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс