Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд автозамын боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо багассан. Мөн БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын импортын ачаа бөөгнөрсөнтэй холбогдуулан Монголын талын хүсэлтийн дагуу Эрээн өртөөн дээрээс өргөн царигийн төмөр замаар ачаа ачих ажиллагааг зохион байгуулж эхлээд байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ.
Эрээн өртөөний өргөн царигийн төмөр замын вагонд кранаар ачих боломжтой ачааг БНХАУ-ын Эрээн хотын Худалдааны танхимын зөвшөөрлөөр ачиж байна. Энэ 8 дугаар сарын эхний 18 хоногт 283 вагон импортын ачааг ачиж, 240 вагон улсын хилээр орж ирээд байна.
Замын-Үүд боомтод Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд ажиллаж байна. Тус багийг ажил хүлээж авах үед өдөрт импортоор 100 машин орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар улсын хилээр орж ирэх тээврийн хэрэгсэл 190 болж нэмэгджээ. Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдаад байсан 50 мянган тонн ачааны 30 гаруй мянгыг нь татан аваад байгаа аж. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг энэ сардаа багтаан татаж авахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд ачааг авто тээвэр болон галт тэргээр тээвэрлэж эхэлсэн. “Өнөөдөр л гэхэд БНХАУ-ын Эрээн боомтоос 69 вагон ачаа орж ирнэ” гэж Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх мэдээллээ. Улсын их баяр, наадмын өдрүүдэд хил хаагдсан үеэр нийт 42 галт тэргээр ачаа бараа татан авч байсан бол одоо 69 хүртэлх галт тэрэг явах боломжийг ийн бүрдүүлжээ.
Ташрамд мэдээлэхэд, Засгийн газраас томилсон ажлын баг үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа тээврийн жолооч нартай уулзалт хийж, 700 жолоочтой хариуцлагын гэрээ байгуулан ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж байна. Эрээн хотын цагдаагийн газар, манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагууд ачаа тээвэр, үнэ тарифтай холбоотой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж, давхар хянаж байна.