УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентын босгыг давсан залуу гишүүдийн нэг Ж.Ганбаатар өөрийгөө сонгогчдод өөрийгөө шинэ өнгө төрх, шинэ салхи, шинэ хүлээлт бий болгосон залуу гэсэн рекламаар танилцуулж байсан юм. Баянгол дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийднэ гэж амласан Ж.Ганбаатар 2020 оны УИХ-ын сонгуулийн хоёр дахь өрсөлдөөнд орохдоо дэмжигчдээрээ “Аливаа ажилд чин шударга, үр дүнтэй ажилладаг” гэсэн рекламдуулж байлаа.
Гэсэн ч өнөөдрийг хүртэл Ганбаатар гишүүн гэхээсээ илүү “Оргил” худалдааны төвөөрөө овоглож яваа Ж.Ганбаатар амлаж байсан шигээ шинэ өнгө төрх ч харуулсангүй, шинэ салхи ч үлээлгэсэнгүй. Эсрэгээр бизнесээ дэмжин, нийслэлийн иргэдийг бухимдуулж эхэллээ.
Өчигдөр оройноос Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт бухимдлаа илэрхийлж, хэвлэл мэдээлэлд хандан, олон нийтийн сүлжээгээр ч “Ганбаатарын компани оршин суудаг байр руу нь орж, гардаг хоёр машин дөнгөж зөрдөг замыг хааж, галын машин эргэх боломжгүй болтолбетон, төмөр хашаа барих гэж байна” гэдгийг зарлав.
Сүлжээ дэлгүүрийн бизнесээ өргөжүүлж барилга угсралтын компанитай болсон Ж.Ганбаатар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Оргил энканто таун”-ыг барьсан байгаа. Гишүүний “Энканто-1”, “Энканто-2” хотхоныг барьсан компани нь “Камдер” барилга угсралтын компани нь юм.
Ж.Ганбаатар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Моннидер” ХХК, “Голденсвит” ХХК, “Нордлайн” ХХК, “Камдер” ХХК, “Сээкл ХХК”-ийн хувьцааг эзэмшдэг, өмчлөх зориулалттай 10 гаруй газартай хэмээн мэдүүлсэн бөгөөд тэдний нэг нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдййн өчигдрөөс эхлэн ярьж байгаа “Камдер” ХХК юм.
БЗД-ийн 26 хороонд маргаан өрнөж буй “Оргил энканто таун”-тай залгаад Ж.Ганбаатарын “Камдер” ХХК 11 метр урттай 9-10 давхар граш барьсан байгаа. Гэвч гишүүний хүсэл үүгээр хязгаарлагдсангүй. “Оргил энканто таун”-тай нь зэрэгцээ орших “Тайм тауэр” болон “Элазабет”, “Мандала” хотхоны хотхоны оршин суугчдын орж гардаг хоёрхон машин зөрөх төдий газрыг хашаалаад хүн, машин орох боломжгүй болгохоор шийдчихсэн байж байна.
Энэ өчигдөр “Камдер” ХХК хашаа барьсан бөгөөд оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, компанийн ажилчид оршин суугчдын биед халдах гэх мэтээр зэрлэг авирлан, эцэст нь хашааг түр буулгасан байна. Зөвхөн “Time tower” хотхоны 3000 орчим оршин суугчтай. Нэр дурдагдсан хоёр хотхонд багадаа 2500 иргэн бий гэж үзвэл энд 8000 орчим хүний эрх ашиг яригдаж байгаа учраас өчигдөр оршин суугчид нь “Камдер” ХХК-аар хашаа бариулахгүйн тулд манаж хоножээ.
Маргаан өрнөж буй цэг дээр барьсан 9-10 давхар автомашины гарашийг оршин суугчид Иргэний хэргийн шүүхэд өгсөн бөгөөд анхан шатны шүүх иргэдийн талд шийдвэр гаргасан юм байна.
Хотын төвд газрын маргаан үүсч, өөрийнх нь хамаарал бүхий компанийн асуудал яригдаж, нэр нь сонсогдож байхад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ус залгисан мэт дуугаа хураажээ. Өөрийн сонгогдсон дүүрэг Баянголдоо очихоороо иргэд, сонгогчдын эрх ашиг ярьчихаад, өөр дүүрэгт ирэхээрээ оршин суугчдын амьдрах эрхийг боомжилж, орж гардаг багахан газар, автомашины замыг нь бөглөөд хаяад, эрхийг нь зөрчөөд байж болох уу Ж.Ганбаатар гишүүн ээ!
Д.ЖАРГАЛАН