Эх орноосоо дүрвэн гарсан Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани гэр бүлийн хамт Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ байгаа болохыг тус улсын Гадаад хэргийн яам нотолжээ.
“АНЭУ Ерөнхийлөгч Ашраф Гани болон түүний гэр бүлийг хүмүүнлэгийн үүднээс хүлээн авсан болохыг Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яам баталж чадна” гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.
Ираны YJC агентлагийн мэдээлснээр, Ашраф Гани одоо эмнэлэгт байгаа аж.
Тэрбээр өнгөрсөн ням гарагт “Талибан” хөдөлгөөнийхөн Кабулыг эзлэхтэй зэрэгцэн эх орноосоо дүрвэсэн билээ. Ганиг эх орноосоо гарсан болохыг Афганистаны Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла нотолсон юм.
Эх орноосоо явах болсон шалтгаан, тухайн өдрийн нөхцөл байдлын талаар тэрбээр дүрс бичлэгээр мэдэгдэл хийснээ лхагва гарагт фейсбүүк хуудсандаа нийтэлжээ. “Би Кабулаас явахаас өөр аргагүй болсон, би нийслэлд цус урсгахыг хүсээгүй” гэж тэрбээр хэлээд “талибууд түүнийг хайж байсныг” нэмж хэлсэн байна. “Талибууд нийслэл рүү орж ирэхэд төрийн эргэлт шиг зүйл болсныг бие хамгаалагчид надад хэлэхэд би ордонд байсан” гэж Гани хэлжээ.
Гани өөрийгөө урвагч гэж үзэхгүй байгаагаа цохон тэмдэглэжээ. “Би эх орноосоо урваагүй, цуу ярианд анхаарал хандуулахгүй байхыг хүн бүрээс хүсэж байна. Бид Кабулд энх тайвныг хүссэн болохоос нураахыг хүсээгүй, Афганистаны дайн дуусна гэж үнэхээр найдаж байна. Энэ бүтэлгүйтэлд манай Зэвсэгт хүчин хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ бол бүхэлдээ улс төрчдөд хамаатай юм” гэж тэрбээр хэлсэн байна.
Тэрбээр мөн Кабулын аюулгүй байдлыг хангах, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх талаар “Талибан”-тай хэлэлцээ хийж байснаа дурдсан байна. Түүнчлэн удахгүй эх орондоо ирнэ гэж амлажээ.
Эх сурвалж: RT, Montsame