Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц орчинд дасан зохицсон ховор амьтдыг тоо хэмжээтэй агнах зөвшөөрөл олгож, байгалийн үзэсгэлэн бүхий төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харгалздаг Байгаль орчны сайд нар албан тушаалаа өгөөд АТГ-ын үүдийг сахисан тохиолдол цөөнгүй.
Зарим төрлийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын 19 төрлийн эрхийн гэрчилгээг олгож, Засгийн газрын тусгай сан, төвүүд нь авилгад өртөмхий учраас энэ яамны олон албан хаагч шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонсож байсан юм.
БОАЖ-ын сайд Н.Уртнасанг тусгай зөвшөөрлийн хардлага тойрсонгүй. Өчигдөр (2021.08.19) Аргаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүн агнуур зүйч, доктор н.Амгаланбаатар нарын хүмүүс мэдэгдэл хийж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан угалз агнах зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүүгийн компанид өгсөн хэмээн хардаж байгаагаа мэдэгдсэн юм.
Алтайн нурууны уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг дэлхийд нэн ховордсон аргаль, угалзын Монгол дахь агнуурын үнэ 24.000 мянган доллар юм. Ан агнуурын тухай хуульд аргаль, угалзын ангаас олсон орлогын 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах ёстой ч энэ мөнгө аргалийн сүргийн хоол тэжээл, өсөлт үржилтэнд яг зарцуулагдаж чаддаг уу гэдэг асуултад хэн ч хариулт өгөөгүй ирсэн юм.
Харин үе үеийн Байгаль орчны сайд нар аргаль угалз болоод шонхор шувууны зөвшөөрлөөр хувьдаа ашиг олсон хэрэгт хардагддаг. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар ирэх онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоосон байдаг.
Энэ квот ёсоор 2021 онд 100 угалз агнахаар болсон. Монгол Улс 1967 оноос гадаадын жуулчдад цөөн тооны ан хийх зөвшөөрөл өгч ирсэн ч аргалийн тоог жилд 100 түүнээс дээш хэзээ ч давуулж байгаагүй юм байна. Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын шинэ сайд Н.Уртнасан нэг нь 24.000 долларын үнэтэй 100 аргаль агнуулах квот батлуулж чадсан нь аргалийн тоо толгой, аюулгүй байдалтай хөөцөлдөж явдаг агнуур зүйчид, аргаль агнуурын бүсийн иргэд, малчдыг айлгаж эхэлжээ. Н.Уртнасангийн батлуулсан 100 квотоос олох орлого 2.4 тэрбумаар хэмжигдэх юм.
Угтаа бол агнах амьтдын тоо толгойг зарж борлуулах гэж байгаам шиг шууд нэрлэх ёсгүй. Эхлээд агнах амьтныхаа тоог гаргаж, нөөцийг тогтоогоод хэр олныг агнах боломжтой вэ гэдгээ ярих ётой. Анчны хүсээд байгаа нас бие гүйцсэн том эвэртэй, наймаас дээш насны угалз хэд байгааг тодорхойлчихоод тоогоо гаргах ёстой ч БОАЖ-ын сайд олох орлогоо бодоод аргаль агнуурын тоог энэ онд 100-аас дээш гаргасан юм байна.