Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 200 хоногийн ажлын тайлангаа танилцуулсан. Үүнээс нэг зүйлийг хатуу ойлголоо. КОВИД-19-гүй зун, өвөл, намар гэж байхгүй юм байна. Засгийн газар үнэнтэй эвлэрч байгаад нэг талаар баяртай байна. Засгийн газар эдийн засгаа баталгаажуулах, иргэдийн цалинг яаж өсгөх талаар юу хийх гэж байгаа нь тодорхойгүй байна.
Бид бүгд цалингаасаа татвар төлдөг. Энэ татвараар санхүүждэг төрийн байгууллагууд багадаагүй. Гэтэл маш олон албыг шинээр байгуулах юм байна. АН-ын зүгээс Ерөнхий сайдад хүнд үеийг хэрхэн давах талаар санал солилцох хүсэлтээ хүргүүлж байна. Эхний ээлжид уулзалт хийж, цаашид эдийн засгийн сэргэлтийг баталгаажуулах чиглэлээр өөрсдийн саналыг өгнө” гэлээ.
АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Машинаар бол Монгол Улс бензинээ дуусаж байна. Ерөнхий сайд ямар ч төлөвлөгөө танилцуулсангүй. Вакцин яаж олж ирсэн, яаж хийсэн талаар ярьсаар байгаад дууссан.
Ерөнхий сайд тайлан танилцуулах яриандаа сөрөг хүчнийг хамтраач, нэгдмэл байя гэдгийг дөрвөн удаа хэлсэн. АН төрийн албаны туршлагатай, эдийн засгийн мэдлэгтэй олон гишүүнтэй. Тиймээс хүнд үеийг хэрхэн давах талаар санал гаргах ажлын хэсэг байгуулна” гэв.