Афганистаныг утас ашиглаж чаддаггүй лалын шашин судлаач, эсвэл Помпео, Лавровтой найз дипломатч удирдах уу?
Наймдугаар сарын 15-нд “Талибан” алан хядах бүлэглэлийн дайчид Кабул хот руу орж ирснээр Афганистаны бүх нутаг дэвсгэрийг хяналтандаа авсан юм. Тэд улс орноо Исламын эмират болгохоор зэхэж байна. Гэхдээ “Талибан” бүлэглэлийг хэн толгойлж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. “Талибан”-ы удирдагч нь Хайбатулла Ахундзада боловч талибууд ялалтаа зарласны дараа түүнийг орлогч, “Талибан”-ы улс төрийн жигүүрийн тэргүүн нь Абдул Гани Барадар хэмээн зарласан юм. Сэтгүүлчид түүнийг хөдөлгөөний нүүр царай хэмээн нэрлэж, түүнийг Афганстаны шинэ тэргүүн болно гэж үзэж байна. Талибуудын энэ хоёр удирдагчийн талаар юу мэдэгдэж байгаа тухай хүргэе.
Хайбатулла Ахундзада хэмээх шашин судлаач, хуучинсаг үзэлтнээс «Талибан» хөдөлгөөнийхөн өөрсдөө ч айдаг
“Талибан”-ы өнөөгийн удирдагчийг 1961 онд Афганистаны зүүн өмнөд хэсэгт орших, Пакистантай хиллэдэг Кандагар мужид төрсөн гэж үздэг байна. Түүний эцэг нь тосгоныхоо имам байжээ. Афганистанд зөвлөлтийнхөн дайран орсны дараа эдний гэр бүл хөрш Пакистаны Кветту хот руу нүүж, тэндээ Ахундзада нутгийн лалын шашны сургуульд сурчээ.
1980-аад онд тэрбээр Афганистан дахь Зөвлөлтийн дайчдын эсрэг дайтаж байсан гэдэг. Гэвч тэргүүн эгнээнд тулалдаж байгаа юм.
Ахундзада 1994 онд “Талибан” байгуулагдмагц элсэн орж, хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, мулла Омарын итгэлийг хүлээжээ. Талибууд 1996 онд Афганистаны засгийн эрхэнд гарах үед Ахундзада цэргийн шүүхийг нь толгойлж, дээд шүүхийн орлогч тэргүүн болов. Тэрбээр талибуудын оруулж ирсэн хатуу шийтгэлээр (жишээлбэл, хулгай хийсний төлөө хөл, гарыг нь тайрах гэх мэт) хүмүүсийг шийтгэдэг байсан гэдэг.
Афганистанд талибуудын дэглэм нуран унасны дараа Ахундзада Пакистан руу гарч, лалын сургуулиудад багшилж явжээ.
2013 онд “Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч мулла Омар амиа алдахад бүлэглэлийн шинэ тэргүүнээр Ахтар Мохаммад Мансур сонгогдож, Ахундзада түүний орлогчдын тоонд орж, алан хядах байгууллагын чухал, нөлөө бүхий хүмүүсийн нэг болов. 2016 онд Мансур Пакистанд амиа алдлаа. Үүнээс хэдхэн өдрийн дараа Ахундзадаг хөдөлгөөний шинэ тэргүүнээр зарласан байна.
Түүний өмнө “Талибан”-аа нэгтгэх чухал даалгавар ирээд байна гэж шинжээчид тэмдэглэж буй юм. Учир нь Мансурын үед хөдөлгөөн дотор хагарал үүсэж, зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарч байжээ.
Даруу төлөв зантай хүний нэр хүндээрээ Ахундзада өмнөх удирдагчаа бодвол Афганистаны нөхцөл байдлыг тайвнаар зохицуулах хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч магадгүй гэж шинжээчид харж байна. Гэвч хөдөлгөөний гишүүд Ахундзада энхийн гэрээ байгуулахгүй гэж мэдэгдсээр байгаа юм.
Ахундзада нь “Талибан” дотроо шашин судлаач хуучинсаг үзэлтэн, гар утас хэрэглэж чаддаггүй, олны өмнө гарахгүй дургүй хүн гэж Афганы сэтгүүлч Сами Юсуфзай ярьсан байна. Үүнээс гадна талибууд шүүхэд ажиллаж байснаас нь болоод Ахундзадагаас айж эмээж явдаг гэжээ.
2017 онд талибуудын удирдагчийн 23 настай хүү алан хядах ажиллагаа явуулж байгаад амиа алдсан юм. Тэрбээр Афганистаны өмнөд хэсэгт байрлах Засгийн газрын дайчдын газар нутаг руу тэсрэх бөмбөгөөр цэнэглэсэн ачааны машин оруулсан аж. 2019 онд “Талибан”-ы удирдагчийн ах нь Пакистаны Кветта лалын сүмд болсон дэлбэрэлтийн үеэр амь үрэгджээ.
“Талибан”-ы удирдагч ч өөрөө халдлагад нэг бус удаа орж байсан түүхтэй. Хэвлэлүүдээр түүнийг нас барсан, тэр дундаа коронавирусээр өөд болсон гэх мэдээлэл хэд хэдэн удаа гарсан ч батлагдаж байсан нь үгүй. Наймдугаар сарын эхээр “Талибан”-ы албан ёсны төлөөлөгч Забихулла Муджахид Ахундзадаг талибуудын удирдагч хэвээр, шашин, улс төр, цэргийн асуудлыг шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэдэг хүн хэмээн зарлажээ.
Абдул Гани Барадар “Талибан”-ы цэргийн стратегич, дипломатч, америкчуудтай эвлэрч байсан хүн
“Талибан”-ы нүүр царай болсон энэ хүн Афганистаны төв хэсгийн Урузган мужид 1968 онд төржээ. Тэрбээр Кандагарт өссөн бөгөөд Зөвлөлтийн дайчид Афганистанд дайран орсны дараа тэдэнтэй тулалдаж явсан. Энэ үеэрээ Барадарыг мулла Омартай танилцсан гэж үздэг. ЗСБНХУ Афганистанаас дайчдаа гаргасны дараа Барадар Омартай хамтран Кандагарт шашны сургууль нээж, цаашид “Талибан”-ыг үүсгэн байгуулагчдын тоонд орсон аж.
Барадарыг “Талибан”-ы цэргийн гол стратегичдын нэг, дайдчын цэргийн болон террорист ажиллагааг зохицуулагч, түүнчлэн санхүүжүүлэгч гэж тооцдог. Мулла Омарын ойрын хамсаатны тоонд багтаж, түүний охин дүүтэй ч гэрлэсэн гэж бичдэг. 2001 онд Америкийн дайчид Афганистан руу дайран орж, талибуудын дэглэмийг унагах үеэр Барадар Батлан хамгаалахын дэд сайдын алба хашиж байв.
“Талибан”-ыг Афганистанд бут ниргэсний дараа Барадар Пакистан руу зугтаж гарсан. Түүнийг АНУ-ын дэмжлэгтэйгээр засгийн эрхэнд гарч ирсэн Афганы Ерөнхийлөгч Хамид Карзайтай (тэд хоёулаа попалзай омгийн хүмүүс) эвлэрэх талыг баримтлагч гэж нэрлэдэг байсан юм. Гэвч Барадар 2009 онд Америкийн Newsweek сэтгүүлд өгсөн ярилцлагадаа америкчууд Афганистанаас яваагүй цагт талибууд зэвсгээ хаяхгүй гэж мэдэгджээ.
2010 онд Барадарыг Америкийн ТТГ, Пакистаны тусгай албадын хамтарсан ажиллагааны үр дүнд Пакистанаас саатуулсан байна. Гав гинж гартаа зүүсэн түүний зураг тухайн үед хэвлэлүүдээр гарч, шуугиан тарьж байлаа. Гэвч 2018 онд түүнийг сулласан юм. Афганистанаас цэрэг дайчдаа гаргах, хэлэлцээрийн мастер гэгдэх Барадараар дамжуулан талибуудтай тохиролцоо явуулах гэсэн АНУ-ын засаг захиргааны хүсэлтээр түүнийг тавьж явуулсан гэдэг.
Барадар суллагдсаныхаа дараа Катарт ирээд, хэлэлцээрийн бүлэглэлийг толгойлсон байна. тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьж (уг уулзалтыг Америкийн төрийн тэргүүн “маш сайхан уулзалт болсон” гэж тэмдэглэсэн байдаг), 2020 оны хоёрдугаар сард “Талибан”-ы нэрийн өмнөөс Америкийн засаг захиргаатай энхийн зөвшилцөл байгуулсан аж.
Ийнхүү Барадар нь “Талибан”-ы гол дипломатч болжээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр Помпеотой төдийгүй дэлхийн бусад томоохон улсын өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров зэрэгтэй уулзсан байдаг.
Барадартай нэлээд хэдэн удаа уулзсан Афганы сэтгүүлч Сами Юсуфзайгийн хэлснээр, тэрбээр тайван, дипломатч хүн бөгөөд талибуудын дундаа нэр хүндтэй, удирдагч болох амбицтай хүн гэжээ.
Эх сурвалж: Meduza.io