2021-2022 хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна.Шалгалт есдүгээр сарын 17-н хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд боловсролын байгууллагад дараах зөвлөмжийг өгч ажиллаж байгааг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш танилцуулав. Тэрбээр “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын 959 байгууллага байгаагийн 40 орчим хувь буюу
- сургуулийн өмнөх боловсролын 226,
- ерөнхий боловсролыг 114 сургууль,
- дээд боловсролын 25 байгууллага,
- мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн зургаан байгууллага
- цэцэрлэгүүдийг хүнсээр хангахад таван байгууллага нийт 406 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж байна.
Хяналт шалгалтын явцад зөвлөн тусалж, сургалтын байгууллагуудад дараах зөвлөмжийг өглөө.
- Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын байгууллагын удирдлагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах
- Байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх
- Хичээл сургалтын болон дотуур байранд ариутгал халдваргүйтгэлээс гадна мэрэгч амьтан, шавжны устгал хийлгэх
- Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашиглагдсан сургууль, цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэл хийлгэхдээ онцгой анхаарах
- Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш ажилтан, суралцагч, дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд тусгаалах байрыг бэлтгэх
- Цэвэрлэгээ үйлчилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх
- Анги танхим, дадлагын газар, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байлгах
- Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суралцуулах
- Дотуур байранд нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулах
- Боловсрол, сургалтын байгууллагад бөөгнөрөл үүсэхгүй байхаар орох, гарах урсгалыг зохион байгуулах
- Анги танхимд дулааны улиралд цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэх, өвлийн цагт механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах зэрэг зөвлөмжийг өгсөн” гэв.
Түүнчлэн тэрбээр эцэг эхчүүдэд хандан хүүхдээ олон хүн цугларсан газраар дагуулж явахгүй байхыг зөвлөв.