Засгийн газар өглөө (2021.08.18) 09:00 цагаас эхлэн хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Төрийн банк нь өнөөдрийг хүртэл иргэдэд цогц үйлчилгээ үзүүлж ирсэн. Үүнийг нь улам тодотгож, нийгмийн дундаж давхаргад түлхүү үйлчилдэг, бага орлоготой хэсэгт шаардлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байхаар ажиллуулахаар болж байна.
Сангийн сайд Б.Жавхлан, “Манай улсад дундаж давхаргыг өрхийн орлого талаас нь харвал нэг саяас, гурван сая хүртэлх төгрөгийн орлоготой хэсэг хамаардаг. Олон улсын тодорхойлолтоор, тухайн өрх орлогоороо ипотек, лизингээ төлөөд, хүсний хангамжаа бүрэн хангахын зэрэгцээ хадгаламж үүсгэдэг байх гэж үздэг. Төрийн банк одооноос дундаж давхаргаас гадна бага орлоготой иргэдэд үйлчилж, дундаж давхаргын иргэдийг шинээр бойжуулах эрэлт, хэрэгцээтэй үйлчилгээ бий болгож, алсын хараатай ажиллана” хэмээв.
“Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна.
Мөн Хөгжлийн банк нь төслийн санхүүжилт хэлбэрээр зээл олгож байна. Манай улс худалдааны эдийн засгийн бүтэцтэй ч худалдааны санхүүжилт, экзим банкны санхүүжилт дутагдаж байгаа юм. Хөгжлийн банк нь бие даасан хуультай хуулийн этгээд. Тиймээс тус банкийг одоо байгаа хуулийн хүрээнд экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэх хөгжлийн өөрчлөлтүүдийг дүрмийн хүрээнд хийлээ.
Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд төгрөг нь чанаргүй зээл болсон. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй байна. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй тул Монголбанк тус банканд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан.
Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ нь хүний асуудал биш юм. Харин чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд анхаарна гэв.