Хувийн хэвшлийн даатгалын анхдагч, 1997 онд үүсгэн байгуулагдсан үндэсний тэргүүлэгч компани хэмээн зарладаг МИГ даатгал нь тээврийн хэрэгслийн болон хариуцлагын, иргэдийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдөр иргэн А.Отгонтуяа МИГ даатгалтай байгуулсан гэрээний дагуу хохирлоо барагдуулж чадахгүй байгаа талаараа ярьлаа. А.Отгонтуяа нь 200 мянган төгрөгөөр жолоочийн хариуцлагын, эд хөрөнгө, жолоочийн эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагджээ. МИГ даатгалтай гэрээ байгуулах зөвлөгөөг Авто тээврийн үндэсний төвийн ажилтнууд өгчээ. Гэрээ энэ оны дөрөвдүгээр сард байгуулагдсан.
Харин долдугаар сард зогсоол дээр тавьсан автомашиныхаа их гэрлийн шүршигчийн тагийг хулгайд алджээ. Хохирол барагдуулахаар МИГ даатгалд хандахад “Таны хувьд амгалан даатгалын үйлчилгээ авсан тул даатгалын үйлчилгээ авахгүй” гэх тайлбарыг өгчээ. Тухайн үед 250 мянган төгрөгөөр хулгайд алдсан эд зүйлсээ худалдан авчээ.
Үүний дараа иргэн А.Отгонтуяа амралтаар Дорнод аймаг явахдаа шаварт суун автомашин маань бөөрөөрөө хэвтсэн. Энэ үед автомашины будаг халцарч, жижиг, сажиг гэмтэл гарч, хотод ирсэн даруйдаа МИК даатгалын дуудлагын мэргэжилтэнг дуудаж, автомашинаа харуулахад байгалийн хүчин зүйл учирсан тул манай даатгал танд бүрэн үйлчилнэ гэж хэлсэн.
Гэвч даатгалын компаниас эргэн холбогдоогүй. Ирж уулзахад эрсдэл үүссэн гэж үзэхгүй тул танд нөхөн төлбөр өгөхгүй гэжээ.
Үүнээс харахад анх даатгал хийлгэхдээ маш найрсаг хүлээн авч, таны эд хөрөнгийг 100 хувь даатгаж байгаа юм шиг тайлбарлагдагч хохирол гарах үед нөхөн төлбөр өгөх боломжгүй даатгал болж байгаад гайхаж байна.
Тухайн иргэний хувьд МИК даатгалтай байгуулсан гэрээгээ цуцлахаар болоход 214 мянган төгрөгийн даатгалын үйлчилгээний буцаан олголт гэж 87249 төгрөг өгөхөөр болжээ. Даатгалын гэрээ байгуулаад 5 сар болоогүй, нэг ч үйлчилгээ аваагүй байтал гэрээ цуцалсан хэмээн 120 мянга гаруй төгрөгийг тус иргэнээс суутган авсан байна.