Өнөөдөр ГИХГ-ын дарга Д.Мөрөн Монгол Улсаас гадаад оронд үрчлэгдээд 10 жил болсон хүүхдүүдийг эцэг эхийнх нь хамт хүлээн авч уулзлаа. 1956 онд үүсгэн байгуулагдсан АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын 16 байгууллагаар дамжин 71 хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байдаг.
Тус байгууллага нь үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулдаг ба энэ удаад уг байгууллагаар үрчлэгдсэн анхны хүүхдүүд эцэг эхийн хамт Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар хүрэлцэн иржээ.
Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 266 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаадын гэр бүлд үрчлүүлсэн байна. Нийт үрчлэгдсэн хүүхдийн 148 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ 156, ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.
Энэ удаа 2002, 2003, 2004, 2006 онд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн долоон хүүхэд гэр бүлтэйгээ хүрэлцэн иржээ. “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн Монгол хүүхдүүд төрсөн эх орондоо хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан хүлээн авч уулзах арга хэмжээг Гадаадын иргэн, харьяатын газар ийнхүү зохион байгуулсан юм.
Үрчлэгдсэн хүүхэд Монгол Улсын хуулийн дагуу 16 нас хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц харьяатаа чөлөөтэй сонгох боломжоор хангахыг гэрээнд зааж өгдөг. Мөн үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцлөөр хангах, хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй, хүүхэдтэй хэрцгий харьцахгүй байх, уугуул эх орон, ёс заншил, түүх соёлын уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчлан гэрээнд тусгаж өгдөг аж.
Мөн үрчлэгч эцэг, эх үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг өөрийн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт жил бүр мэдээлж байх үүрэгтэй. Тэрчлэн хүүхдийн өсч бойжиж буй фото зураг, видео бичлэг зэргийг хүүхдийг нэг сартайгаас гурван нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам хийж ГИХГ ирүүлэх журамтай.
Түүнчлэн үрчлэгдсэн хүүхэд нь үрчлэгч эцэг, эхийн байнга оршин суугаа улсад очмогц зуучлагч байгууллага нь үрчлэгч эцэг эхтэй нь холбоо тогтоон, нийгмийн ажилтнаа явуулж хүүхдийн байдалтай танилцах арга хэмжээ авах ёстой. Үрчлэгч эцэг, эх оршин сууж буй газраа өөрчилсөн бол тухай бүр хаягийн өөрчлөлт хийсэн тухай өөрийн орны эрх бүхий байгууллагад болон Монгол Улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг зэрэг мэдээллийг энэ үеэр өглөө.
Эх сурвалж: МОНЦАМЭ