Монголын байгаль орчны иргэний зөвлөл хэмээх ТББ өнөөдөр (2021.08.18) хэвлэл мэдээлэлд хандаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай холбоотой мэдээлэл өглөө. Тус ТББ монголын байгаль орчин болон ховордсон ан амьтантай холбоотой асуудлаар УИХ, Засгийн газарт хандан, санал хүргүүлж байсан боловч асуудал шийдэгдэхгүй байгаа нь өнөөдөр хэвлэлийн хурал хийх шалтгаан болсон гэж мэдэгдлээ.
Аргаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүн агнуур зүйч, доктор н.Амгаланбаатар: Монголчууд ан агнуурын асуудлаар олон жилийн туршлага, өв соёлтой. Гэвч энэ уламжлалыг сүүлийн үед эвдэгдэж, мөнгө олох эсвэл зугаа хийх байдлаар энэ уламжлал алдагдах байдалд хүрээд байна.
Ан амьтан нь өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлдэг, сэргээгдэх баялаг хэдий ч бүр мөсөн устаж үгүй болох аюул бас байдаг учраас ан амьтны агнуурын асуудал дээр бид анхааралтай ажиллах ёстой. Ан амьтныг агнаж устгах асуудал нь тусгай агнуурын зөвшөөрөлтэй компаниуд тэдний ард байдаг улс төрчдийн асуудал болж байсан. 1967-2021 оныг хүртэл Монгол Улсад 3200 угалзыг агнасан байдаг. Гэхдээ хамгийн том эвэртэй, нас биед хүрсэнийг нь сорчлон агнаж ирсэн.
Гэхдээ энэ хэлбэр нь зөвхөн арилжааны хэлбэртэй явж ирсэн. Тиймээс агнаж байгаа аргалаас олж байгаа зөвхөн нэг аргалын зардлыг энэ амьтныг хамгаалахад зарцуулах саналыг БОАЖ-ын яаманд тавьсан бөгөөд 2020 онд сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат дэмжсэн боловч Ковид-19 халдварын дэгдэлтээс болж энэ төсөл хэрэгжээгүй юм.
Энэ төслийг Монголын ТББ-ууд санаачлаад АНУ-ын Аргал хамгаалах сантай хамтраад эндээс олсон орлогыг аргал агнаж байгаа орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, байгаль хамгаалагчдыг техник хэрэгслээр хангаж, сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдэд тодорхой мэдээлэл өгөх өдөрлөг зохиох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм.
Энэ төсөл 2020 онд хэрэгжээгүй учраас 2021 онд үргэлжүүлэн хэлэлцүүлэхээр Увс аймгийн улзат агнуурын бүс нутгийг хариуцаж байдаг “Улзатын хүрээ” ТББ аймгийн Засаг дарга, ИТХ-аас дэмжлэг аваад, Засгийн газраас баталсан Ховор амьтныг агнах тухай журмын дагуу гэрээгээ байгуулаад БОАЖ-ын яаманд хүргүүлсэн юм.
Яамны нэгж, эрх бүхий хүмүүс нь гэрээнд гарын үсэг зураад баталгаажуулаад сайдад хүргүүлсэн боловч Н.Уртнасан тамгаа дарж өгөөгүй энэ төсөл маань гацахад хүрээд байгаа юм. Бидний зөв жишиг тогтоох гэсэн оролдлогод Байгаль орчны сайд өөрөө саад болоод байгаа юм.
Энд ерөөсөө нэг л систем үйлчилж байна. Угалзын лиценз нь сайд болоод түүний танил талын хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл байх ёстой гэдэг… Тэгэхээр бид энэ зарчмаа бариад байх юм бол ийм бусармаг үйлдлийг зогсооход дуу хоолойгоо өргөхөөс өөр аргагүйд хүрч байна. Засгийн газар анх “Баялагтаа эзэн монгол” гэдэг уриа гаргаж ирсэн. Бид үүнд нь итгэж байсан, сонголтоо хийсэн.
Гэтэл өнөөдөр баялагийн эзэн нь сайд ба түүний танил тал, хамаарал бүхий хүмүүс гэсэн уриагаар солигдсон. Энэ үйлдлээрээ эрхэм сайд Н.Уртнасан үүнийг нотолж байна. Жишээ нь 1967 оноос хойш гэхээ больё, 2000 оноос хойш 20 жилийн хугацаанд угалз ангах квот тогтоож ирсэн. Квотын тоо гурван оронтой тоонд хүрсэн анхны тохиолдол нь энэ жил болж байна.
Авилгатай холбоотой байдаг юм уу, хаашаа юм. Тавдугаар сард гаргасан угалз агнах зөвшөөрлөө 6 сард дахин өөрчлөөд өөр бусад хүмүүст хуваарилж байсан байх юм байна. Олон улсын байгууллагатай хамтраад аргал хамгаалах ашиглая гэсэн ганцхан зөвшөөрөлд саад хийсэн гэх мэт үйлдлээрээ сайд Н.Уртнасан байгаль орчны салбар, ан агнуурын салбарын түүхэнд хараар бичигдэн үлдэж байгаа юм.
Бид дараах 3 шаардлагыг тавьж байна:
- БОАЖ-ын сайд Н.Уртнасан бодит мэдээлэлд эрүүл саруулаар үнэлгээ, дүгнэлт өгөөд тусгай зориулалтын ан агнуурын асуудлыг талуудын оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцолд хүрэх
- Агнуурын бүс нутагт хэнтэй гэрээ хийхийг зааж, хууль журам зөрчдөг БОАЖ-ын сайдын үйлдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яаралтай татан авч шалгаад, намын нэр, улс төрчдийн захиалгаар томилогдсон Монгол орноо гэх сэтгэлгүй, шударга ёсыг тогтоох зорилгуудад харшилтай албан тушаалтнуудын цуваагаа таслан зогсоож, эх оронч, байгаль орчинд ээлтэй бодлого барьж ажиллахыг шаардаж байна.
- Бид БОАЖ-ын сайдын нэр дээр удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч дөрвөн удаагийн албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байна. Эдгээр албан бичигт албан ёсоор, тоотоор хариу өгнө үү.
Цаашдаа бид сайд Н.Уртнасангийн үйлдлийг АТГ болон бусад эрх бүхий хуулийн байгууллагуудад өгч шалгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна.
2020 оны арванхоёрдугаар сард Засгийн газар 100 угалз агнах шийдвэр гаргасан байдаг. Түүнээс 91-ийг нь Д.Сарангэрэл сайд 2020 оны арванхоёрдугаар сард хуваарилсан байдаг. Үлдсэн 9 угалзыг Н.Уртнасан тавдугаар сард хуваарилсан байдаг. Гэвч 9 угалз хуваарилах тушаалаа хүчингүй болгоод 6 сард дахин тушаал гаргасан. Энэ хуваарийн дагуу хоёр нь улзат өгнуурын бүсэд нэмэлтээр очсон байдаг.
Энэ хоёрын нэг нь компанийн нэр зааж очсон гэдэг. Нэр зааж очих хууль зүйн үндэс байхгүй.Тэр компани нь Би ти жи эс ч бил үү айхтар урт гадаад нэртэй компани байгаа.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан угалз агнах зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүүгийн компанид өгсөн гэх хардлага яригдаж байгаа. Тэрийг нь хуулийн байгууллага шалгах байх. Бид хардах эрхийнхээ дагуу хардаж байгаа. Хамгааллын зориулалтаар хийх нэг квотын хүрээнд орж ирэх хөрөнгийн эхний ээлж аргалийн бүс нутагт зарцуулагдаад явж байна. Гурван үе шаттай хуваарилагдсан хөрөнгийн эхний хоёр шат ороод ирчихсэн. Гэтэл квотыг ашиг хонжоо олох зорилгоор хуваарилсан байж болзошгүй хэмээн хардаж байна” гэдгээ МБОИЗ-ын хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ.