Наймдугаар сарын 15-нд талибууд Афганистаны бүх нутаг дэвсгэрийг бүрэн хяналтандаа оруулсан юм. Тэд улс орноо эзэллээ гээд иргэдийнх нь амьдралыг өөрчлөхгүй гэж байгаа ч 2001 оноос хойш боловсрол эзэмшиж, ажилтай болсон эмэгтэйчүүд тэдэнд итгэхгүй байгаа юм. Сэтгүүлчид Кабулын гудамжинд эрхийнхээ төлөө жагсаж буй хэсэг эмэгтэйчүүдийн зургийг авч амжжээ.
“Ажил, боловсрол, улс төрийн амьдралын оролцоо. Энэ бол эмэгтэй хүн бүрийн эрх” хэмээн бичсэн плакатыг жагсагчид барьж зогсох аж.
Жагсаал цуглаан төрийн байгууллагууд, Ерөнхийлөгчийн ордон, саяхан Ангела Меркелийн айлчилсан, охидын сургалтыг хүлээн зөвшөөрсөн Амани герман-афганы дунд сургууль байрладаг Вазир Акбар Хан дүүрэгт тэмцлээ үргэлжлүүлж байна.
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Шейх Абдулхамид Хамаси эмнэлгийн ажилтан эмэгтэйчүүдтэй уулзаж, тэднийг цаашид ч чөлөөтэй ажиллаж болно, “Талибан” хөдөлгөөн тэдний аюулгүй байдлыг хангана гэж мэдэгджээ.
Түүнчлэн TOLO News сувгийн эфирээр хөтлөгч бүсгүй Бехешта Арганд талибуудын хэвлэлийн төлөөлөгч Мавлави Абдулхак Хемадигаас ярилцлага авсан байна. Ярилцлагын үеэр Мавлави “Талибан” энд эмэгтэйчүүдийг хөнөөх биш, хамгаалахаар ирсэн гэжээ. Олон хүн үүнийг сайны дохио гэж үзэж байна. Учир нь талибууд өмнө нь нүүрээ ил гаргасан эмэгтэйчүүдтэй нэг ширээнд суухыг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм.
1996-2001 онд Афганистан талибуудын хяналтанд байхад эмэгтэйчүүдийг эрчүүдгүйгээр гадуур явах, нүүрээ ил гаргах, будаж шунхдах, ажил эрхлэхийг хориглодог байжээ. Афганы хүний эрхийг хамгаалагчид энэ хатуу дүрэм журамдаа эргэн орох вий хэмээн болгоомжилж байгаа бол оюутан охид, бусад эмэгтэйчүүд амьдралд нь хяналт тавих гэж эмээж байна.
Өдгөө олон эмэгтэй Кабулын нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай тэмдэглэж байгаа юм. Өдгөө эмэгтэйчүүд гивлүүргүйгээр гарах нь зохисгүй хэмээн айж эмээж байгаа бол CNN-ийн сэтгүүлч Клариса Уорд гудамжнаас эфирт гарахын тулд үсээ далдлахаас өөр аргагүй болсон гэжээ.
Харин сэтгүүлч Лиза Карими гудамжаар эмэгтэйчүүд явах нь цөөрч, хүнсээ цуглуулахаар гарсан зарим нь ихэд болгоомжлонгуй явах болсон гэжээ. “Эмэгтэйчүүдийн хувцаслалт ч өөрчлөгдсөн. Хижабаа өмсөөд эхэлсэн. Эрчүүд ч бас өөрөөр хувцасладаг болсон. Би гадаа 3 минут байхад л тавгүй, аюултай мэдрэмж төрж байлаа. Учир нь эргэн тойронд эмэгтэйчүүд тун цөөхөн, би бараг хараагүй гэхэд болно. Би гэр лүүгээ яаран орохоос өөр аргагүй болсон. Яагаад гэвэл нөхцөл байдал маш тодорхойгүй байна. Одоо юу хийж болох, хаагуур явж болохоо ч мэдэхгүй байдалд байна. Хэдийгээр талибууд “та нар аюулгүй, юунаас ч айх хэрэггүй, гадуур явж болно” гэж байгаа ч гэсэн эвгүй байна” хэмээн Карими тэмдэглэжээ.
Эх сурвалж: Focus.ua