Баянзүрх дүүрэг бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, дүүргийн иргэдээ эрүүл, чанартай, хямд үнэтэй Монголын хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор 28 хорооны 30 цэгт аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл нэмэлт талбай гаргахаар болжээ.
Ингэхдээ тус дүүргийн зүгээс ногоо тарьж, худалдаалж буй иргэдээс ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй. Харин иргэдэд хүнсний бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдан борлуулахыг санал болгож байгаа аж.
Одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн ногоочдын түрүүч Баянзүрх дүүрэгт ирж худалдаа наймаагаа эхлүүлээд байна.
Хүнсний ногоо тарьж, түүнийгээ худалдан борлуулдаг иргэд, гэр бүл, бизнес эрхлэгчдийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст бүртгүүлж, байршлаа сонгож хамтран ажиллахыг тус дүүргээс уриаллаа. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99291218 дугаарын утсанд холбогдож авч болно гэв.