УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нь хүүхдийн паркийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг барина хэмээн барилга барьсан ч зориулалтын бусаар ашиглаж буйг эсэргүүцсэн иргэд мэдээлэл хийлээ. Тэд С.Эрдэнэ болон Хотын дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлж “Шонхор таур” барилгыг зориулалтын дагуу ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах ёстой гэсэн юм.
Энэ талаар иргэн Б.Амгаланбаатар “С.Эрдэнэ нь 1998 онд “Төгс Эрдэм” гэдэг төрийн бус байгууллагыг байгуулсан. Ингээд 2010 онд тус төрийн бус байгууллагын нэр дээрээ энэ газрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зориулалтаар анх авсан байдаг. 2014 онд энэ барилгыг ашиглалтад оруулахдаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга учраас зориулалтын шат, талбай хэрэгтэй гэж хэлээд метр квадратыг томруулж 601 метр квадрат болгож авсан байдаг.
Тухайн үед С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Энэ үедээ албан тушаалаа ашигласан байх магадлалтай. Тухайн үед Улаанбаатар хотын захирагчаар М.Энхболд ажиллаж, Газрын албаны дарга Ц.Сандуй байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан байгууллагын дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих гэсэн байгаа юм.
Байгууллагыг С.Эрдэнийн төрсөн охин Содгэрэл үүсгэн байгуулсан. Бидний хувьд уг барилгыг зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байна. Ашиглалтад орсноос хойшхи долоон жилийн хугацаанд уг барилгыг нэг ч удаа зориулалтын дагуу ашиглаагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг ч төрийн бус байгууллага ажиллаагүй. Харин гэр бүлийн бизнесийн зориулалтаар ашигласан.
Тиймээс бид Хотын даргад шаардлага хүргүүлэхээс гадна Авлигатай тэмцэх газарт хандаж уг газрыг яаж авсныг нь шалгуулна. Мөн санхүүгийн шалгалт хийхийг шаардаж байна. Үр дүнд хүртэл явна. Цаашид төрийн бус байгууллагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.