Улсын хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгасан байна. Энэ төрлийн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогдогч 21 хувиар буурсан ч хураан авсан мансууруулах бодисын хэмжээ хоёр дахин өсчээ.
2021 оны наймдугаар сарын 11-нд Өмнөд Африкаас 989.2 гр мөс хэмээн нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэн Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай иргэн Э нарыг шалгаж байгаа юм байна.
Хонгконг улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жил хорих ял эдэлж, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн иргэн Э-д таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Цагдаагийн байгууллага Монгол Улс руу мансууруулах бодис илгээсэн этгээдийг олж тогтоохоор гадны улс орнуудын цагдаагийн байгууллагуудад хандсан байна.
Хар тамхи улсын хилээр нэвтрүүлэх нь Эрүүгийн хуулийн 20.7.3-т заасны дагуу улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил хорих ял оноох заалттай гэж Цагдаагийн байгууллага өнөөдөр өгсөн мэдээлэлдээ дурдлаа.