Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2021.08.13/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр эхлүүлж өнгөрсөн 24 цагт коронавирусын халдвараар нас барсан тохиолдол гараагүйг дуулгалаа.
Л.Баттөр: Вакцинд хамрагдсан, эсхүл халдвар аваад эдгэрсэн хүмүүс нь вакцинд хамрагдаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах бамбай болдог. Тиймээс алдварын тохиолдлыг бага хэмжээнд барихын тулд халдвар хамгааллын дэглэмээ барьж, вакцинжуулалтад хамрагдах нь хамгаас чухал. Сүүлийн үед орон нутагт халдварын тохиолдол ихээр бүртгэгдэх боллоо.
Тодруулбал, өдөрт бүртгэгдэх халдварын нийт тохиолдлын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Нийслэлд халдварын тохиолдол харьцангуй багасч байгаа ч орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна. Эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээнээс гадна эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бусад асуудлууд үүсэх болсон.
Баян-Өлгий аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын 30 гаруй хувь нь дангаараа илэрч байна. Сүүлийн долоо хоногт Ховд аймагт өдөрт 100-аас дээш тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр аймагт аялал жуулчлалын улмаас халдвар зөөвөрлөгдсөн. Үүнээс гадна Баян-Өлгий аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурим найр их болсон. Энэ нь зөөвөрлөгдөж ирсэн халдварыг хүн амынхаа дунд тархахад нөлөөлсөн. Тус аймаг вакцинжуулалтаараа ч хамгийн бага хувийг эзэлдэг. Харин Ховд аймагт гэхэд өнгөрсөн долоо хоногт даншиг наадам болсноос үүдэн халдвар нэмэгдсэн. Бусад аймгуудад халдварын тохиолдол харьцангуй тогтвортой байна.
Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR шинжилгээнд суурилсан мутацид орсон вирус илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхэд долоо хоногийн буюу нийт 369 сорьцоос 39 сорьцид нь Дельта вирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, батлагдаж байгаа тохиолдлын арав орчим хувьд нь Дельта эзэлж байна. Харин Япон Улс руу долдугаар сарын 16-нд явуулсан 260 орчим сорьцоос эхний 38 сорьцын хариу гарсан. Үүнд Альфа мутаци 32, Монголд үүссэн мутаци 4, Дельта 2 тус, тус илэрсэн хэмээн мэдэгдэв.