Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр (2021.08.12) Багануур дүүрэг дэх “Багануур” ХК, “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлтэй танилцав. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг “Багануур” уурхай өвлийн бэлтгэл хангах хүрээнд 3 бүлэг 47 төрлийн ажлыг хийхээр төлөвснөөс 60 хувьтай байна. Үүнээс бүрэн хийсэн 15, хийж буй 23, хугацаа нь болоогүй 9 ажил байгаа аж.
“Багануурын дулааны станц” ТӨХК нь их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын үйл ажиллагааны ажлын төлөвлөгөө одоогоор 68.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Станцын “0” зогсолтын их засварыг төлөвлөгөөт хугацаанд нь амжилттай гүйцэтгэжээ.
Дулааны станцын найдвартай ажиллагааг хангахын тулд үндсэн тоноглол болох “КВТС-20-150” маркын хос зуухан төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтад хамруулан шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ Н.Тавинбэх сайд илэрхийлэв.
Тэрбээр, уулзалтын төгсгөлд өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 15-ны дотор багтаан дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг баримтлан ажиллах, осол аваараас урьдчилан сэргийлэх, санхүүгийн сахилга баттай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.